АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
RE/MAX 2024 онд тогтоосон борлуулалтын дээд амжилтаа эвдэх төлөвтэй

 

Монголын үл хөдлөх зуучлалын салбарын хамгийн том тоглогч RE/MAX-н борлуулалт, агентын тоо жилээс жилд, улирлаас улиралд тогтмол өсөж байгаа. Харин тэд өнгөрсөн улиралд ямар үр дүнтэй ажиллав? 

🅰 Төлөвлөгөөний гүйцэтгэл: 104%

Улсын бүртгэлийн ерөнхий газрын датанаас харахад 2025 оны I улиралд нийт зах зээл эргэлдэж буй үл хөдлөхийн тоо жилийн өмнөхөөсөө 5% нэмэгдэж 26.9 мянгад хүрсэн байна. Харин RE/MAX-н агентуудын энэ хугацаанд борлуулсан үл хөдлөх хөрөнгийн тоо 14% нэмэгдсэнээр зах зээл дэх байр сууриа улам бэхжүүлжээ. 

📈 Өсөлт үргэлжилсээр: Улмаар тэдний нийт борлуулалтын орлого өмнөх жилийн мөн үеэс 32.5% нэмэгдэж ₮345.4 тэрбумд, шимтгэлийн орлого нь 50.6% өсөж ₮13.1 тэрбум болсон аж. Учир нь тэдний идэвхтэй агентуудын тоо л гэхэд 26.6% нэмэгдэн 1,286 болсон байна. Энэ эрчээрээ бол тэдний 2024 онд тогтоосон ₮1.5 их наядын борлуулалтын дээд амжилт дахиад эвдэгдэх нь дээ.

🧮 Борлуулалт: 29%

Тэдний борлуулалтын процессыг нарийн харвал тайлант хугацаанд шинээр 7,886 үл хөдлөх хөрөнгөтэй гэрээ байгуулсны 29%-ийг нь амжилттай борлуулсан бол 19% нь эзэмшигчийн шийдвэрээр худалдагдаагүй, үлдсэн 52% буюу 4,100 үл хөдлөх одоо ч идэвхтэй борлуулалтын процесст байгаа аж. 

🤝 Онцлог: RE/MAX-н санал болгож буй энгийн гэрээний борлуулалтын системийн нэг онцлог нь, хэрэв үл хөдлөх хөрөнгийг борлуулж амжаагүй тохиолдолд харилцагчаас ямар ч төлбөр авахгүй байх зарчим юм. Энэ нь худалдагч талд санхүүгийн эрсдэлгүйгээр үл хөдлөх хөрөнгөө зуучлуулах боломжийг олгож буй. Нэмээд энгийн гэрээ нь нийт гэрээний 90% гаруйг бүрдүүлдэг аж. 

Амжилтын нууц, RE/MAX-н хувьд тогтмол 10,000 гаруй үл хөдлөх хөрөнгийг борлуулах, түрээслэх байдлаар зуучилж, нэг талаас худалдагч, нөгөө талаас худалдан авагч, түрээслэгчдийг холбох гүүр болон ажиллаж байна. Зөвхөн нэг агент бус технологийн болон үйл ажиллагааны нэгдсэн системээр ажиллах шийдэл нь тэднийг зах зээлийн үр дүнтэй тоглогч болгож байна даа.  

ШУУД ДАМЖУУЛАЛТ