Alibaba (BABA) болон Tencent (TCEHY)-н залгамж халаа, магад тэднийг даван гарах дараагийн үеийн технологийн салбарын бяцхан луу нар Ханжоу мужид өдөр өдрөөр бойжиж байна.
Америкийн технологийн 7 титаныг “Гайхамшигт 7” гэдэг шиг зах зээлийг доргиож буй тэдгээр компаниудыг "6 бяцхан луу" хэмээн нэрийддэг аж.
🤔 Тэд хэн билээ?
Уг 6 компани дотор өнгөрсөн 1-р сард дэлхий дахиныг донсолгож, Цахиурын хөндийг улаанаар нь эргэлдүүлсэн DeepSeek AI, видео тоглоом хөгжүүлэгч Game Science, Unitree болон DeepRobotics роботын компаниуд, Neuralink-н өрсөлдөгч BrainCo, орон зайн тагнуулын ManyCore компаниуд багтаж буй.
⭐ Тэдэн дундаас зах зээлийн үнэлгээ, олон улсын зах зээл дэх нэр хүндээрээ DeepSeek AI хамгийн алдартай нь. Ямартаа дуулиан шуугиан тарьсан DeepSeek-R1 хэлний загвараа танилцуулснаас 7 хоногийн дотор Microsoft (MSFT), Nvidia (NVDA), Alibaba, Huawei, Tencent, Baidu (BIDU) тэргүүтэй томчууд бүгд DeepSeek-тэй хамтран ажиллахаар болж буйгаа зарлаж байх вэ.
Бусад 5 луугийн хувьд Хятадаас бусад оронд төдийлөн сайн танигдаагүй. Гэсэн ч дотооддоо хийж, бүтээсэн ажлууд нь галзуу. Тухайлбал, Unitree гэхэд 4 хөлт болон хүн дүрст роботын чиглэлд мэргэшсэн компани бөгөөд өнгөрсөн Хятадын хаврын баярын гала тоглолт дээр ардын бүжиг бүжиглэсэн нь анхаарлыг нэлээдгүй татав
💡 Цаашлаад, BrainCo гэхэд Илон Маскийн Neuralink-н дараагаар бичигдэх $200 саяын санхүүжилт татсан дэлхийн 2 дахь тархи болон компьютер хоорондын интерфэйс хөгжүүлж буй компани бол Manycore Tech сард дунджаар 77.8 сая идэвхтэй хэрэглэгчтэй, дэлхийн хамгийн том интерактив 3D өгөгдлийн чадавхтай компани аж.
😲 Дараагийн Цахиурын хөндий Ханжоу
Сонирхолтой давхцал нь тэд бүгд Ханжоу мужаас төрөн гарсан компаниуд. Энэ нь зүгээр ч нэг давхцал биш бөгөөд хятадууд өөрсдөө ч Ханжоу муж бусдаас юугаараа онцгой болоод дэвшилтэт технологийн амжилттай компаниудыг бойжуулж байгаа талаар таамаг дэвшүүлэх болжээ. Товчоор бол тус муж нь инновацад ээлтэй, бусад мужтайгаа харьцуулахад төрийн дарамт шахалт, хүнд суртал багатай байдаг аж.
Эцэст нь… Урд зүгийнхний хөгжил ч гүйцэгдэхгүй болж байна даа. Барууны орнууд шиг нээлттэй мэдээлдэггүй болохоор дотооддоо ямар галзуу технологи хөгжүүлж, хэр түвшинд явж байгааг нь таамаглахад ч бэрх юм.