АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Монголын ХК-иудын засаглалын өнгө

 

Хөрөнгө оруулах компаниа сонгохдоо чухалчлах үзүүлэлтийн нэг бол яалт ч үгүй сайн засаглал. Тэгвэл манай ХК-иудын засаглал ямар байгааг харцгаая. 

Сайн ангилал 💘 Сайн засаглал

Өнгөрсөн оны эцсийн байдлаарх МХБ (MSE)-д бүртгэлтэй ХК-иудын компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийн дундаж үнэлгээ жилийн өмнөхөөсөө 14.1 нэгж хувиар сайжирч 79.1% болоод байна. Энэ дундаа МХБ-н I ангиллын компаниудын засаглал хамгийн сайн буюу 88.8%, эсрэгээрээ III ангиллынх хамгийн муу буюу 63.4% байгаа юм. 

🧐 Хэд байх ёстой юм бэ? Компанийн засаглалын кодексийг хэрэгжилтийг үндсэн 9 зарчмаар хэмжиж буй. Хэрэв хэрэгжилт 100% байвал тухайн компани удирдлагын сайн бүтэцтэй, үйл ажиллагаа нь ил тод, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг бүрэн хамгаалдаг гэж үзнэ.

👑Тэргүүлэгчид: Тэгвэл Говь (GOV), Сүү (SUU), Сэндли ББСБ (SEND) гэсэн 3 ХК-ийн засаглалын кодексийн хэрэгжилт 98.6%-д хүрснээр жагсаалтыг тэргүүлж буй. Түүнчлэн хамгийн сайн засаглалтай 30 компанийн 50% нь I ангиллын ХК-иуд бөгөөд 8 нь банк болон ББСБ аж. 

👎 Суу, ташраараа муу

Харин нөгөө талд засаглал нь базаахгүй буюу кодексийн хэрэгжилт нь 30%-иас доош орсон 26 ХК байна. Энэ дунд хамгийн их жижиг хувьцаа эзэмшигчтэй Женко Тур Бюро (JTB) болон Улсын Их дэлгүүр (UID) цохиж явна. Өнөө Таван Толгой (TTL)-н засаглалын кодексийн хэрэгжилт ч 20.8%. Дандаа эргэлзээтэй зөрүүтэй тайлан гаргадгаас нь харахад арга ч үгүй юм даа. 

⁉️ Анхаарал хандуулах асуудал

Зарим компанийн засаглал муу байгаа нь ТУЗ-ийн бүтэц зохион байгуулалт, тайлагнал мэдээллийн ил тод байдалтай холбоотой. Үүнийг ангиллаар нь салган харвал, II ангиллын компаниудад ТУЗ-тай холбоотой асуудлуудаас гадна Гүйцэтгэх удирдлагын цалин, урамшуулал олгох шалгуур асуудалтай байгаа юм. Харин III ангиллынхны хувьд хамгийн түрүүнд оролцогч талуудын эрх ашгийг хангах, цахим хуудасны шинэчлэлт хийж наад захын мэдээллүүдээ ил хуваалцах нэн шаардлагатай байна. 

Эцэст нь… Том зургаар компаниудын засаглал сайжрах замдаа явж байгаа ч III ангиллын компаниуд одоо ч хүндхэн л байдалтай байна даа.

ШУУД ДАМЖУУЛАЛТ