АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд

 

Үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулах гэж байгаа уншигчид маань анхаарлаа нааш нь. Ямар боломж, ямар өгөөж өгч байгааг хэлээд өгье. 

📌 Судалгаа: Инвескор Проперти ХХК Улаанбаатар хотын “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл жилийн тайлан 2024-2025”-ыг гаргажээ. Тэдний тухайд 2017 оноос хойш үл хөдлөх хөрөнгийн цогц менежментийн үйлчилгээ үзүүлж буй. 

💡 Хөрөнгө оруулалтын шинэ боломж: Хаус зах зээл

Манай хотын хаусны зах зээл сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй. Шалтгаан нь маш энгийн. Хотын төвийн үнэтэй орон сууц, бохирдол, түгжрэлээс зайлсхийж илүү тав тухтай амьдрах орчинг хайж байгаа хүмүүс хотын захын хаус, вилла хотхонуудыг илүүд үзэх болжээ. Улмаар 2024 онд  хаусны борлуулалт 14% өссөн, түрээсийн өгөөж 7.7% хүрсэн аж. Хотын захын дэд бүтцийн төслүүд өргөжиж байгаа нь ч үүнд түлхэц болсон хэрэг. 

📈 Үнэ өснө: Өнгөрсөн жилийн эцсээр харвал, Улаанбаатарт нийт 5,840 айлын хаус төсөл хэрэгжсэний 44% нь ашиглалтад орсон бөгөөд хаусны м.кв-н дундаж үнэ жилийн өмнөхөөсөө 11.2% өсөж ₮5.23 сая болсон аж. Энэ онд ч хаусны эрэлтийн өсөлт, нийлүүлэлтийн бууралтаас хамаарч үнэ нь 5%-8% өсөхөөр байгаа юм. 

🧐 Хаана? Ямар? Хаусны нийлүүлэлт дүүрэг болон зэрэглэлээрээ өөр. Жишээ нь Хан-Уул дүүрэгт хамгийн их хаус нийлүүлэгдэж байгаа бол зэрэглэлийн хувьд дундаж зэрэглэлийн хауснуудын нийлүүлэлт хамгийн өндөр байна. 

🏢 Өөр боломж: Үйлчилгээт орон сууц

Өнгөрсөн оны байдлаар Улаанбаатарын 9 үйлчилгээт орон сууцны төслүүдийн түрээсийн өгөөж дунджаар 9.6% байгаа юм. Энэ дундаас Shangri-la Residence хамгийн өндөр буюу 12.6%-тай гарсан байна. Харин эдгээрийн м.кв-н дундаж үнэ ₮10 сая, түрээсийн үнэ ₮78 мянга аж. 

Эцэст нь… Мэдээж энэ боломжууд дээр нэмээд бид бүгдийн мэдэж байгаагаар орон сууцны м.кв-н дундаж үнэ өнгөрсөн жилийн хугацаанд 14.6%, оффис талбайн дундаж үнэ 6.9% өссөн гээд энэ салбарын өсөлт үргэлжилсээр. Угаас манай улсын 1 хүнд ногдох орон сууцны талбай 6.42 м.кв буюу НҮБ-ийн стандартаас 4.7 дахин байгаа нь орон сууцжих хэрэгцээ өндөртэйг харуулж байгаа юм. Тэгэхээр энэ салбарын өсөлт цаашид ч үргэлжлэхээр байна даа. 

Дэлгэрэнгүй уншихыг хүсвэл ЭНД дараарай.

ШУУД ДАМЖУУЛАЛТ