Монголд ганц утаа л хоолой хорсгож, боогоод байна гэж бодож байна уу? Үгүй шүү. Үг хэлэх, хэвлэлийн эрх чөлөөг ч боож байна.
🙊 Global Reporting Centre-н судалгаагаар хэвлэлийн эрх чөлөө сул хангагдсан орнуудад сэтгүүлчийн нэр төр, алдар хүндэд улс төрч болон төрийн албаныхан хамгийн их халддаг буюу гол халдагч нь байдаг гэнэ.
⭕ Давах ёсгүй шугам гэж байдаг уу?
Өнгөрсөн Даваа гаргийн шөнө Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хойшлуулшгүй ажиллагаагаар Noorog Creative Studio-н оффисыг нэгжиж, ажилчдыг нь байцаасан. Эл үйл явдлаас сүүлийн 4 жилд яагаад Монгол хэвлэлийн эрх чөлөөний индексэд 48 байр ухарч 180 орноос 109-рт жагсах болсныг харж болно.
🪓 Хэн засаглаж байв? Монголын хэвлэлийн эрх чөлөөний индексийг сүүлийн 10 жилээр нь хараарай. 2015 онд 54-р байранд жагсаж байснаас хойш 2019, 2021, 2023 оныг хасвал тасралтгүй ухарсан байгаа.
Ер нь тэгээд манайх шиг хэвлэл мэдээллийн салбар руугаа илт халдаж, довтолдог улс хэр олон байдаг юм бол?
👹 Хатуу цензур = Хатуу ял
Өнгөрсөн онд дэлхий даяар ажил үүрэгтэйгээ холбоотой хэргээр шоронд хоригдож буй сэтгүүлчдийн тоо 361 болж 2022 оны араас жагсах өндөр түвшинд хүрээд байна. Хаана хамгийн их хорьж цагддаг вэ гэхээр, Хятад, Израиль, Мьянмар, Беларусь, Орос буюу дарангуйлалтай орнуудад. Том зургаараа сүүлийн жилүүдэд дэлхий дээр ердөө 24 улсад л бодит ардчилал оршиж, дийлэнх улс орнуудын ардчилал гажих болсноор хүний эрхийн болон бусад эрхийн зөрчил гаарч байна.
🇮🇱 Эндээс Монголтой арай дөхөх нөхцөл байдалтай улс нь Израиль. Хэдий ардчилсан тогтолцоотой ч сүүлийн жилүүдэд эрх баригчдын хяналт нэмэгдэж, хүний эрхийн, хэвлэн нийтлэхтэй холбоотой зөрчил ихсэж байна гээд олон улсын байгууллагууд шүүмжилдэг.
Эцэст нь… Үе үеийн засгийн эрх атгагсдын тоглоом шоглоом, зэвсэг болж, цовдлуулж, дүүжлүүлдэг хөөрхий миний Монголын хэвлэлийн эрх чөлөө. Нөгөө талд “Хэвлэл мэдээллийнхнийг худалдаад л авчихна” гэж сэтгэх завдал олгосон хамтын уран бүтээлийг өнөөдөр бид харж сууна. Сүүлийн үед гагц хэвлэн нийтлэх гэлтгүй хүний эрх, бизнес, өмчийн эрхийг хэн дуртай эрх мэдэлтэн нь дэвсэлж, бараг хэвийн зүйл болчихсон. Монголд “АРДЧИЛАЛ” гэдэг хоосон үг л байна даа!