Өнгөрсөн 7 хоногт Монгол болон Малайзын Авлигатай тэмцэх хороо хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, авлигын эсрэг стратегийн түвшинд хамтран ажиллахаар болсноо мэдэгдсэн.
📝 Одоогоор бид 19 улстай эрүүгийн хэрэгт харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй бөгөөд Тайландтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар ажиллаж байгаа гэнэ.
🫡 Эргүүлэн авчирна
АТГ өнгөрсөн оны тайландаа Латвийн нэр бүхий банканд битүүмжлэгдсэн €540,307-г Монгол Улсад буцаахаар ажиллаж байгаагаа дурдсан байна лээ. Хэнийх нь ч мөнгө юм, яахаараа ч Латвид явж байдаг юм. Энэ мэтчилэн авлигаар гадагш урссан мөнгийг дотооддоо эргүүлэн авчрахын тулд гадаад сүлжээгээ өргөжүүлж, зузаатгах нь нэн чухал.
🏃🏻➡️ Тухайлбал, АТГ-ын 2019 оноос эхлэн шалгаж эхэлсэн Лондонгийн хэрэг л гэхэд төрийн өмчит үйлдвэрийн удирдах албан тушаалтан хахуулийн мөнгөөрөө Лондонд орон сууц худалдан авч, улсад ₮6.4 тэрбумын хохирол учруулсныг нь нөхөн төлүүлж байсан гэдэг.
🏖️ Үүнээс гадна Мэн арлын, Виржиний арлуудын гэхчлэн олон нийтэд мэдээлсэн хэргүүдийн цаана хэр олон үл хөдлөх, мөнгө гадаадад байгааг таахад бэрх.
📝 Монгол буцсан $13.9 сая
Юутай ч АТГ-ын 2020 оноос эхлэн буцаан авчирсан нийт дүн нь $13.9 сая буюу ₮50 тэрбумыг давсан байна. Харин өнгөрсөн онд дотоодод авлигын хэргээс үүдэлтэй нийт ₮417.2 тэрбумын хохирол учирсны 57.7% буюу ₮240.9 тэрбумыг нөхөн төлүүлжээ.
🗣️ Солонгос “style”: Хамгийн сүүлийн хэрэг гэхэд Дэлхийн банк 6 жил санхүүжүүлсэн $19.6 саяын “Цахим эрүүл мэнд” төслөө зогсоож, ЗГ-аас $1.7 саяыг нэхэмжилсэн явдал. Улмаар АТГ-ын шалгалтаар төслийн гүйцэтгэгч болох Өмнөд Солонгосын Taihan Cable & Solution-р тус мөнгийг ЗГ-т төлүүлэхээр болсон юм. Гадагш авч нуучих гээд, дотогш орсныг нь идчих гээд хэцүү ч юм аа даа.
Эцэст нь… Өнгөрсөн онд авлигын гэмт хэрэг өмнөх оноосоо 4.9%, өсөж 1,742-т хүрсэн. Голдуу эрх мэдлээ урвуулсан ашигласан гэмт хэрэг зонхилж байна. Бид авлигын индексэд 3 жил 33 гэх оноотой гацаж, 2015 оноос хойш 6 оноо алдсан буюу Ази, Номхон далайн бүсдээ хамгийн их ухарсан орноор тодроод байгаа.
Ковидын төсөв, Хөгжлийн банкны хэрэг, ногоон автобус, утаа, нүүрсний хэргүүд бол тогтолцооны ялзралын өчүүхэн л хэсэг гээд бодохоор авлигачидтайгаа муур, хулганадаж тоглоход Монгол Улс 1 АТГ-тай байх нь багадах юм шиг.