Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Европ өөрийгөө дахин зэвсэглэх $840 тэрбумын төлөвлөгөө танилцуулав

 

Сүүлийн үеийн дэлхийн улс төрөөс болж Европын хөрөнгийн зах зээл ч сонирхолтой хөдөлж байна даа. 

💶 Гол хөдөлгүүр

Технологийн титануудаар зах зээлээ бүрсэн Америкаас ялгаатай нь Европын хөрөнгийн зах зээлд эм үйлдвэрлэгчид нэлээд жин дардаг. Тус тивийн хамгийн өндөр үнэлгээтэй компани бол сүүлийн жилүүдэд тураах эмээрээ олноо танигдах болсон Novo Nordisk (NVO). 

🍰 Цаашлаад, Евро бүсийн хамгийн том индекс болох Euro Stoxx 50 (^STOXX50E)-д LVMH (MC.PA), SAP (SAP.DE), Hermes (RMS.PA) гэхчлэн эм, худалдаа, технологийн компаниуд нэлээд жин дарж буй. Он гарснаас хойш Euro Stoxx 50 индекс 35% өсөөд байгаа. Гэхдээ уг өсөлтөд дээрх луугар компаниуд бус батлан хамгаалах салбарын компаниуд нөлөөлжээ. 

Учир нь Америк Украины харилцаа эвгүйдэж байгаа энэ үед Европ өөрийгөө дахин зэвсэглэх $840 тэрбумын төлөвлөгөөг танилцуулсан. Өөрөөр бол гишүүн орнуудынхаа батлан хамгаалах зардлыг эрс нэмэгдүүлэхийн сацуу зээл, татаасаар жинхэнэ утгаараа нүднэ гэсэн үг. 

🦾 Европыг зэвсэглэх компаниуд

Энэ нь зах зээлд Европын Холбоо дайнд бэлдэж буй дохио болж тус тивийн батлан хамгаалах салбарын компаниудын хувьцаа солиотой өсөх болов. Томчуудаас нь толгой тоолоод явахад BAE Systems (BA.L), Airbus (AIR.PA), Leonardo (LDO.MI), Rheinmetall (RHM.DE) гэхчлэн хувьцааны үнэ нь түүхэн өндөр цэгтээ хүрсэн компани олон байна. Үүний дийлэнх нь сүүлийн 1 сард өрнөсөн. Эдгээр компаниуд ганц Европт гэлтгүй дэлхийн хөрөнгийн зах зээлд хамгийн өсөлттэй байсан компаниуддаа тооцогдохоор. 

😏 Дайн дуусгах хүсэлгүй

Орос, Украины дайн эхэлснээс хойш улс орнууд батлан хамгаалах зардлаа эрс нэмж, тус салбарын компаниудын хувьцааны үнэ ч түүхэн өндөр цэгтээ хүрсэн. Америк гэхэд 2020 оноос хойш батлан хамгаалах салбараа жил бүр $700 тэрбум давсан төсвөөр угжиж байгаагаас харахад улс орнууд ч тэр, хөрөнгө оруулагч нар ч дайн дуусах хүлээлтгүй байх шиг. 

Эцэст нь… Европ дан ганц Украиныг дэмжихдээ бус алсдаа өөрийгөө хамгаалахаар бодит алхам хийж байна даа. Их гүрнүүд юу юугүй нүүр тулж тулалдаад байхгүй ч цөвүүн цаг ирж байгаа нь тодорхой.

ШУУД ДАМЖУУЛАЛТ