Инфляц нь өсөөд бодлогын хүү нь нэмэгдээд энэ улс эх орны маань эдийн засаг юу л болох гээд байна даа, хө.
💰📉 Буруу нь өсөж, зөв нь буурах
Энэ оны экспортын үнийн дүн жилийн өмнөхөөсөө 19.5% буурч, эсрэгээрээ импорт нь өсөөд гадаад худалдааны ашиг 86.1% буурлаа. Өөрөөр хэлбэл, бидний гаднаас оруулж ирж байгаа мөнгө улам багасаад, гадагшаа өгч байгаа нь өөдөө мацаад байгаа хэрэг. Ингээд ирэхээр гадаад валютын улсын нөөц нь импорт, өрөнд идэгдээд оны эхнээс 11.2% буураад байна.
🔥 Инфляц: Галын дөл өөдөө
Заа нөгөө талаас, импортын бараа нь тэлээд, дотооддоо цалин, тэтгэвэр, тог ус нь нэмэгдээд ирэхээр өнөө инфляц чинь татаж чангаадаг Монголбанкныхаа хазаараас халиад хурдалж өгч байна. Арга ядаад Монголбанк бодлогын хүүгээ огцом 2 нэгж хувиар нэмэгдүүлж 12%-д хүргээд байгаа нь энэ. Одоо цаашид манай эдийн засаг яах вэ?
💣 Бодлогын хүүгийн үр дагавар
Бодлогын хүү 2022-2023 оны өндөр үе рүү буцаж байгаа нь урт хугацаандаа зээлийн хүүг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг удаашруулах нөлөөг дагуулж буй. Нэмээд Монголбанк 2027 оноос л инфляцыг 5%-ийн интервалд орж ирнэ гэж төсөөлж байгаа нь тэр хүртэл бодлогын хүү өндөр байхын дохио боллоо. Тэгэхээр ирэх жилүүдэд зэсийн гарцаар л эдийн засаг тэлэх нигууртай үлдлээ.
Нэмээд хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг 50%-д тогтоож, тэтгэврийн зээлийн үлдэх орлогыг амьжиргааны доод түвшнээс дээш байхаар шинэчилсэн нь хэт их зээл аваад байна, одоо жоохон танагтай байна шүү, нөхөөд гэсэн сануулга боллоо доо.
Эцэст нь… Манай эдийн засаг тун ээдрээтэй нөхцөлд байна. Нүүрсний үнэ унаад, экспортын орлого буураад, инфляц нь өсөөд байхад баахан мега төсөл хэрэгжүүлэх ёстой байдаг. Үүн дээр нэмээд дорвитой гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирэх төслүүдээ шахаастай. Тэр мега төслүүдийг дотоодоосоо санхүүжүүлэх боломжгүй нь ойлгомжтой байхад гаднаас хөрөнгө оруулалт татах гэж оролдох нь битгий хэл түлхээд байгаа харагдана. Яана даа, уйлаад яах вэ дээ Должин минь гэдэг шиг л.