АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
ХААН Банкны зээлийн багцын 50%-ийг эмэгтэй бизнес эрхлэгч нар эзэлдэг

 

Мартын-8 сайхан болов уу? Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эл өдрөөр тэгш бус байдал, нийгмийн оролцоо гээд олон сэдэв тогтмол хөндөгддөг. Тэгвэл банкны салбар энэ асуудал дээр ямар оролцоотой байна вэ? 

📌 Чиглэл: Дэмжье!

Сүүлийн үед банкнууд эмэгтэй өмчлөгчтэй жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, залуу үеийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих, хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийг дэмжих зэрэг нийгэмд ээлтэй төслүүдийг санхүүжүүлэхэд түлхүү анхаарч байна. Энэ ч утгаараа ХААН Банк (KHAN)-ны зээлийн багцын 50%-ийг эмэгтэй бизнес эрхлэгч нар эзэлж буй. 

💰 Бодит дэмжлэг: Учир нь тэд 2014 оноос ₮2.1 тэрбумын санхүүжилтийг 200 мянган эмэгтэй бизнес эрхлэгчид олгожээ

💿 Өөрчлөлт: Дижитал

Нөгөө талаас эмэгтэй бизнес эрхлэгчид дан ганц хөнгөлөлттэй, таатай нөхцөлөөр зээл авч бизнесээ өргөжүүлэхээс гадна Монголд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ цахимжуулснаар борлуулалт нь дунджаар 8% өсөх боломжтой аж. Нэмээд автоматжуулсан систем, хиймэл оюун ухаан ашигласнаар үйл ажиллагааны зардал 30% буурах, үүлэн технологи, дижитал шийдэл нэвтрүүлснээр 20%-40% илүү үр ашигтай ажиллах нөхцөл бүрдэх юм. 

🗒️ Нэгдэл: Бизнесээ цахимжуулах зээл

Тэгвэл ХААН Банк эмэгтэй бизнес эрхлэгчдийн цахим шилжилтийг дэмжих бизнесийн зээлийн дээд хэмжээгээ 2 дахин нэмэгдүүлж ₮1 тэрбумд хүргэжээ. Уг зээлийн бүтээгдэхүүн нь хүү багатайгаас гадна зээлийн дүнгийн 10%-тай тэнцэх мөнгөн дүн буюу хамгийн ихдээ $30,000-той тэнцэх хэмжээний урамшууллыг буцаан авах боломжтой гэдгээрээ онцлог юм. 

Яаж? Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Дижитал технологийн селектор (DTS) цахим хуудсанд байршсан компьютер, мобайл төхөөрөмж, үүлэн тооцоолол, сүлжээ, харилцаа холбооны тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн технологи, программ хангамжийг бизнесийн үйл ажиллагаандаа зориулан худалдан авахдаа энэхүү зээлийг авах боломжтой юм байна шүү.

Эцэст нь… Монголын бизнесийн орчин тийм ч сайн биш буюу дунджаас доогуур, нэмээд бизнесүүдийн зогсолтын түвшин сүүлийн 5 жилийн дээд цэгтээ хүрсэн. Хэдий ийм ч банк, санхүүгийн байгууллагууд бизнес эрхлэгч, тэр дундаа эмэгтэйчүүдийг дэмжиж байгаа нь сайшаалтай байна даа. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ