Хятад энэ 7 хоногт нэр бүхий улсуудын үхрийн махны импортыг түр зогсоохоор болсноо мэдэгдэв.
🗣️ Илүүдэл + Баталгаагүй
Энэ сарын 3-наас эхлэн Хятад Бразил, Аргентин, Уругвай, Монголын нийт 7 мах нийлүүлэгчдийн үхрийн махны импортыг түр зогсоож буйгаа зарлалаа. Монголын хувьд 22 ААН үхрийн мах экспортлох эрхтэй гэхээр 1-ийнх нь нийлүүлэлтийг түр зогсоосон бололтой.
🥩 Махны мангас: Үүнийг өнгөрсөн онд Хятад түүхэнд өндөр буюу 2.8 сая тн үхрийн мах импортолсон нь дотоодын үхрийн махны үнэд сөргөөр нөлөөлсөн төдийгүй Худалдааны яамны эхлүүлсэн импортын махны дотоодын бизнес эрхлэгчдэд үзүүлэх нөлөөллийн шалгалттай холбож болох юм.
🙄 Айн? Хачирхалтай нь Хятад махны гол импортлогч болох Бразил, Аргентин, Уругвайн импортыг түр зогсоосон нь ойлгож болох зүйл ч тоож авдаггүй Монголын үхрийн махны импортыг хавчуулсан нь анхаарал хандуулах асуудал шүү.
😒 Загасчны морь усгүй
Бидний тухайд өнгөрсөн жил $173 саяын дүн бүхий 68.4 тн мах экспортолсон. Үүний дийлэнх буюу 53.7% нь Хятад руу гаргасан лаазалсан махан бүтээгдэхүүн, 45.9% нь мөн тус улсад нийлүүлсэн адууны мах бүрдүүлжээ. 2023 онд тус харьцаа эсрэгээрээ буюу 82.1%-ийг адууны мах эзэлж байв.
📍 Экспортын чиглэл: Тус онд бид хонь, ямааны махаа Иран, Ирак, Азербайжан, Катар, АНЭУ руу, адууны махаа Хятад, Казахстан, Узбекстан, Орос руу, үхрийн махыг зөвхөн Узбекстан руу экспортолсон. Мах гаргах сувгууд 2, 3-аараа овоо нэмэгдсэн гэсэн үг.
📢 Хэнийх нь асуудал юм? Гэсэн ч нөгөө талд 2 хөрш маань махаа хаа холоос авсаар. Хятад бол импортын махны мангас. Энэ дундаа гахайн мах, араас нь иргэд нь хөлжихийн хэрээр Европ маягаар хооллохыг илүүд таашаах болсноор үхрийн махны эрэлт ч нэмэгдэж байгаа.
Эцэст нь… Бид өөрсдийгөө хамгийн эрүүл мах иддэг гэлцдэг. Магад тэгж итгэхийг хүсдэг байх. Гэхдээ үүнийгээ дэлхийд нотолж чадаж байгаа юм алга. Өөр нэг гачлан нь жилдээ хэр их мах бэлтгээд гаргах хүчин чадалтай вэ, гэдэг. ХАА-г дэмжинэ гээд баахан хөнгөлөлттэй зээл олгоод л байдаг. Байгаа онож байгаа эсэх нь тодорхойгүй. Том зургаар нь харвал махны экспорт өмнөх жилүүдийг бодоход өсөж яваа. Гэсэн ч ЗГ дотоодын махны үнийг бууруулахаар экспортоо хязгаарлана гэх юм. Махаа экспортлох юм уу яах юм? Тэд авдаггүй, бид гаргадаггүй таарч дээ.