Цагаан сарын үеэр Гадаад харилцааны сайд Япон Улсад айлчлаад ирсэн. Үр дүнд нь бид Японы буцалтгүй тусламжаар 2 төсөл хэрэгжүүлэхээр болов.
🐽 Өгөөд л байвал аваад л байя
Тодруулбал, тус улсын буцалтгүй тусламжаар буюу ¥270 саяар бохир усны шугам сүлжээний засвар үйлчилгээний машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэх бол ¥275 саяар агаарын бохирдол хэмжих төхөөрөмж нийлүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхээр болжээ.
Цаашлаад, оны эхэнд 2017 онд Монгол ОУ-ын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдсантай холбоотойгоор зогсоосон иений хөнгөлөлттэй зээлийг эргэн сэргээж байгаа талаар ярих болсон. Ингэснээр Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн ажлыг тус улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх аж.
🔫 Батлан хамгаалах дэмжлэг
Оны өмнө Япон манайд батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж, технологи шилжүүлэхээр болж батлан хамгаалах салбар дахь түншлэлээ зузаатгах сонирхолтой байгаагаа харуулаад авсан.
Үүний өмнө Токиогийн 2023 онд санаа нэгтэй улс орнуудыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Аюулгүй байдлын албан ёсны тусламж” хөтөлбөрийн эхний заалтад Япон Монголын армид ¥1.3 тэрбум иенийн үнэ бүхий агаарын хөдөлгөөний удирдлагын радарын системийг олгохоор шийдвэрлэж байв. Аваад л байдаг, нийлбэр дүн нь хэд болсон бол?
👐 Төдийгөөс өдийг хүртэл
Ардчилсан замаар алхах сонголт хийсэн Монголыг Япон 1991 оноос эхлэн хөгжлийн албан ёсны тусламждаа хамруулж, 2022 оны байдлаар $3.3 тэрбум давах дүнгээр тусалж, дэмжсэн байдаг. Тодруулбал, буцалтгүй тусламжаар ¥120.4 тэрбум, техникийн хамтын ажиллагаагаар ¥55.7 тэрбум, хөнгөлөлттэй зээлээр ¥182.4 тэрбум гэхчлэн олгожээ. Харин шууд хөрөнгө оруулалт нь 2011-2023 оны хооронд $1.4 тэрбум.
Эцэст нь… Хамгийн том хандивлагч улсынхаа буянд бид Нарны гүүр, Хөшигийн хөндийн шинэ нисэх, Анагаахын шинэ сургууль, Япон Монголын төв гэхчлэн олон ч бүтээн байгуулалтыг барьж байгуулан ашиглаж байна. Буян нь дэлгэрсэн сайхан гуравдагч хөршийнхөө хөрөнгө оруулалтыг зээл, тусламжтай нь жишин харахад даанч бага юм. Өөрөөр бол тэдний нүдээр бид тусалж дэмжээд байхад гэмгүй ч хамтдаа хийж бүтээгээд, бизнес хийх чадалтай улс биш гэдэг нь харамсалтай. Бидний ичгэвтэр нүцгэн үнэн энэ ажээ.