Энэ сарын эхнээс Засгийн газар Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг эхлүүлэх шийдвэр гаргасан. Үүний нөлөө юу байх вэ?
🧐 Юунд зориулав?
Уг аяны хүрээнд тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон ашигт таримлыг нутагшуулах, тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих гэнэ. Үүний хүрээнд газар тариалан, мал аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлд олгох хөнгөлөлттэй зээлийн асуудал яригдаж буй.
💰 ₮800 тэрбум: Уг аяныг арилжааны 10 банк ₮800 тэрбумын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх юм. Нэмээд энэ онд зээлийн хүүгийн дэмжлэг ₮52.8 тэрбумыг улсын төсвөөс, эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн 10%-ийг ЗГ-аас тус тус санхүүжүүлэх аж. Нэг талаас энэ нь ААН-үүдийн санхүүгийн дарамтыг бууруулах ч нөгөө талаас хэр үр ашигтай байх вэ гэдэг чухал.
😞 Нөхцөл байдал
2023 онд 7.4%-д дүүлж явсан эдийн засгийн өсөлт 2.5 нэгж хувиар уруудаж 4.9% болоод буй. Үүнд ХАА-н салбарын доройтол ч нэрмээс болсон. Учир нь ХАА-н салбарынх 28.7% буюу хамгийн ихээр буурсан билээ. Нэмээд тус салбарын гадаадын хөрөнгө оруулалт нийт ГШХО-ын 1%-ийг ч эзэлж чадахгүй байгаа.
🫤 Хэр сайжруулах вэ? Одоо өрнөөд байгаа аянууд энэ нөхцөл байдлыг өөрчлөх зорилготой ч хэрэгжүүлж байгаа арга зам нь бодит үр дүнд хүргэх эсэх нь эргэлзээтэй. Атар-4 аяныг л гэхэд 2028 он хүртэл хэрэгжүүлж газар тариалангийн эргэлтийн талбайг 200 мянган га-аар шинээр нэмж ашиглах гэнэ.
📌 Нэмээд гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100%, таримал тэжээлийн 70%-ийг дотоодын үйлдвэрлэлээр хангах, эрчимжсэн мал ахуйн суурь тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлнэ гээд байгаа.
Эцэст нь… ХАА-н салбарыг дэмжих бодлого улс төрийн мөчлөгөөр өөрчлөгдөж солигддог. ХХААХҮ-ийн салбарын бараа, үйлчилгээний зардал сүүлийн 10 жилд дунджаар ₮49.6 тэрбум, татаас нь ₮46.6 тэрбум байсан. Уг нь энэ салбарыг огт тоохгүй биш харин ч татаасаар бөмбөгдөж ирсэн ч сүүлийн 10 жилд дорвитой ахиагүй. Харин одоо сайн хянаж, үр дүнтэй ажиллаж ХАА-н салбарыг аврахгүй бол горьгүй нь ээ.