АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Урд, ард хормойгоо зээлээр нөхдөг чөтгөрийн тойрог...

 

Цагаан сарын баярт хэр их зардал гаргав аа? Ер нь бидний санхүүгийн нөхцөл байдал ямар байгаа билээ? 

 Орлогоосоо давсан зардал

Нэг өрхийн дундаж сарын зардал ₮2.7 сая, орлого нь ₮2.6 сая. Өөрөөр хэлбэл өрхийн хувьд олж байгаагаасаа илүүг зардаг. Юун хадгаламж. Гэхдээ дундаж үзүүлэлтээр харж байгааг анхаараарай, дундаж шүү. 

🔺 Аргацаалт: 2019 оноос хойш харахад Ковид-19-ийн үе буюу 2021 оны II улирлаас 2022 оны I улирал хүртэл ердөө 4 улирлын туршид л дундаж өрхөд зардлаа дараад цаана нь мөнгө үлдэж байж. Бусад бүх үед зардал нь илүү байсан хэрэг. Үүнийгээ юугаар зохицуулж байгаа нь ойлгомжтой. Мэдээж зээл.

😓 Ай даа: Банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл ₮37 их наяд байна. Үүний 60% нь иргэдийн зээл. Иргэдийн зээлийн талаас илүү буюу 52% нь тэтгэвэр, цалин, карт, малчны, автомашины зээлүүд. Тэгэхээр өрх орлогоосоо илүү зардал гаргаж байгаагаа энэ төрлийн зээлээр нөхөж байгаа гэж хэлж болно. Эргээд зээлээ төлөөд дахиад л орлого нь хүрэхгүй чөтгөрийн тойрог. 

🧐 Баярын нөлөө

Цаашлаад, иргэдийн зээл ямар үед өсөөд байгааг харъя. Цагаан сарыг ахмадууд харьцангуй өргөн хүрээнд тэмдэглэдэг. Тэгвэл шинээр олгож байгаа тэтгэврийн зээлийн хэмжээ дандаа цагаан сарын үеэр хамгийн өндөр байна. Тодруулбал, 2023 оны 1-р сараас 2025 оны 1-р сар хүртэл тэтгэврийн зээл олголтын датаг харахад хамгийн өндөр олголттой нь тус жилүүдийн 1-2-р сарууд. Малчдын шинээр авсан зээл ч 2023 оны 1-р сар, 2024 оны 1-р сард өндөр байж. 

Эцэст нь… Цагаан сар шиг томоохон баярууд өрхийн санхүүд нэмэлт дарамт болж, зээлийн эрэлт улам өсөх хандлагатай байна. Нэмээд цагийн цагт бидний орлого зардлаа даахгүй байх нь жам юм шиг зээлээр асуудлаа нөхөж ирсэн нь тогтолцооны асуудал болж хувирлаа. Бид энэ тойргоос хэрхэн гарах вэ?

ШУУД ДАМЖУУЛАЛТ