В.Путин дайны улмаас Оросоос дүрвэсэн бизнесүүдийг дотоодын зах зээлд эргэн оруулахдаа зохицуулах механизмтайгаар угтан авахаа мэдэгдэв.
😏 Өө, чи чинь нээрээ
Дайн гарснаас хойш 1,500 гаруй том, жижиг компаниуд Орос дахь үйл ажиллагаагаа зогсоож, зарим нь бүр мөсөн гарсан. Гэсэн ч Трамп Украины хямралыг аль болох хурдан зогсоохын тулд Оросыг хэлэлцээрийн ширээнд идэвхтэй урьж байгаа нь дайны дараах бизнесийн асуудлыг хөндөх болж. Өнгөрсөн 7 хоногт Трампын тусгай элч Стив Виткофф Америкийн компаниуд Орост эргэн бизнес эрхлэх боломжтой гэснээс харахад толгойдоо бол дайны асуудлыг нэг тийш нь шийдчихсэн мэт.
😤 Дураа хүрэхээр ирээд суудаг мод уу, би?
Гэхдээ Оросын талаас зах зээлийг нь хөсөр хаяснаас үүдэн $300 тэрбумын алдагдлыг үүсгэсэн компаниудыг тийм ч амар оруулахгүй бололтой. Үүний цаана хямралын эхэн үеэр Оросын компаниуд барууныхны бизнесийг асар хямдаар худалдан авч, зах зээл дэх байр сууриа ахиулсныг ч тооцоолж байгаа. Өөрөөр бол засаг төр нь барууныхныг оруулж ирэхдээ дотоодын компаниудтай тэнцүү, зарим талаараа илүүрхэх өрсөлдөөнийг хүсэхгүй байна.
💸 Францын автомашин үйлдвэрлэгч Renault (RNO.PA)-н жишээг татахад, компани Орос дахь бизнесээ эргүүлэн авъя гэвэл $1.3 тэрбумыг төлөх магадлалтай болсон л гэнэ.
🙄 Компани 2022 онд Оросоос гарахдаа Avtovaz дахь өөрийн 68%-ийн эзэмшлийг ердөө ₽1-ээр зараад гарч байсан. Угтаа компани 6 жилийн дотор хувьцаагаа буцаан худалдан авах нөхцөлтэй гэрээ байгуулсан ч Renault-н бизнесийг амьтай голтой байлгах гэж төр болон компаниудын өнгөрсөн 2 жилийн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтыг нөхөн төлөх нь зүйн хэрэг гэж үзжээ.
Тэгэхээр Орос руу буцах тасалбартай бусад компаниудад ч Renault-н асуудал тулгарна. Тэдэн дундаа тус улс руу хамгийн түрүүнд газрын тосны луугарууд буцаад гүйх магадлал өндөр. Тухайлбал, Exxon Mobil (XOM.BA) Оросын Алс Дорнод дахь Сахалин арал дээр 20 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулсан үнэ цэнтэй төслөөсөө холдчихсон. Улс төрийн орчин нь зөөлөрвөл компани төслөө буцаан авахаар зүтгэх нь лавтай.
Том зургаараа, Орос, Америкийн аль аль нь тохиролцоонд хүрэх амаргүй ч тохирох гэж хичээж байгаа учраас Украины нөхцөл байдал хүндэрсээр. Хэлэлцээрийг тас эсэргүүцье гэхээр дэмжлэг чухал. Гэтэл Америкийн оронд Европ Украиныг дэмжиж туслаад явах уу, чадах уу гэдэг нь бас л асуудалтай. Уг асуудлыг анхнаасаа адуу дагаж илжиг пажигналаа гээд л дэлхий даяар ярьж байна. Харамсалтай юм даа, их гүрнүүдийн найрын ууц болох л гэж 3 жил тэмцсэн гэхээр…