АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Технологийн салбарын том тоглогчийн улсдаа барьсан бэлэг

 

Apple (AAPL) Америкт түүхэн дэх хамгийн өндөр буюу $500 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээ зарлалаа. 

🤝 Жинхэнэ төр хувийн хэвшлийн түншлэл

Уг хөрөнгө оруулалтаар гагц компанид бус Америкийн эдийн засагт асар их дэм болсон томоохон үйлдвэрийг бий болгох юм. Тодруулбал, Техасын Хьюстонд шинэ дэвшилтэт үйлдвэр байгуулж, Apple Intelligence буюу өөрийн хиймэл оюун ухааны системийг дэмжих сервер, силикон чипүүдийг үйлдвэрлэх аж. Цаашлаад 2017 онд үүсгэн байгуулсан дэвшилтэт технологи үйлдвэрлэлийн сангийнхаа хөрөнгийг 2 нугалж $10 тэрбумд хүргэх гэхчлэн тоймгүй ажлууд хийх нь. 

🗺️ Том зургаар нь харахад л, Apple Америкт хэдийнээ 24 сликон чипийн үйлдвэр байгуулж 2.9 сая ажлын байрыг бий болгочихсон. Харин ирэх жил тус үйлдвэр ашиглалтад орсноор 20 мянган ажлын байрыг шинээр бий болгох аж.

🤑 Цаашлаад, Apple-н улсдаа төлдөг татварыг харахад шууд ухаан алдаж унахаар буюу сүүлийн 5 жилд $75 тэрбумыг, гагц 2024 онд гэхэд $19 тэрбумыг төлсөн байдаг.

⛱️ Зах зээлийн өнгө 

Та бидний мэдэж байгаачлан чип үйлдвэрлэл тал дээр Хятад гол тоглогч. Харин нөгөө талд Apple Америкаас гаднах чип үйлдвэрлэлээ дотооддоо хураахаар хичээж байгаа. Ингэснээр тэд M1, M2 гэхчлэн чип загварчлалын онцгой гоц авьяасаа бүрэн төгөлдөржүүлэхийн сацуу Трампын тарифын бодлогыг ч тойрон гарах боломж бүрдэх юм. 

Хөрсөн дээрээ буух уу? Анхаарч харах чухал асуудал нь одоогоор Apple-н ханган нийлүүлэлтийн ердөө 10% нь л Америкт үлдсэн 90% нь Азийн орнуудад байгаа явдал.

Эцэст нь… Санаж байгаа бол 2 жилийн өмнө Apple гол үйлдвэрлэлээ Хятадаас Энэтхэг рүү шилжүүлж, Хятадаас хамааралтай байдлаа багасгах оролдлого хийж байсан. Харин энэ удаад жинхэнэ утгаараа хамаарлаа бууруулах маш том алхмыг хийлээ. Хэдий тус төлөвлөгөө бодит үр дүн гаргатлаа 4-ээс дээш жил шаардагдах магадлал өндөр байгаа ч ганцхан компани улсынхаа эдийн засагт $500 тэрбумын бүтээн байгуулалтыг хийх чадамжтай байгаа нь гайхалтай.

ШУУД ДАМЖУУЛАЛТ