АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
ТОП-5 хүнсний луугаруудын 2024 оны үр дүн

 

МХБ (MSE)-ийн ТОП-5 хүнсний луугаруудад хэдийн хөрөнгө оруулалт хийсэн 82 мянган хөрөнгө оруулагч болон тэднийг шохоорхож байгаа уншигчид анхаарлаа хандуулаарай. Тэдний 2024 оны үр дүнг базаж харъя. 

🤑 Нүд булаам ашиг

АПУ (APU), Сүү (SUU), Түмэн Шувуут (TUM), Газар Шим Үйлдвэр (GAZR), Монос Хүнс (MFC) гэсэн 5 хүнсний компанийн цэвэр ашиг 2024 онд дунджаар 23% өсөж нийт ₮234.1 тэрбумыг олсон байна. Арга ч үгүй биз ээ тэд өнгөрсөн онд нийтдээ ₮1.4 их наядын хөрөнгө удирдсан нь өмнөх жилээсээ дунджаар 14% өссөн дүн. 

👑 Түмний тэргүүн: Энэ дундаас АПУ ХК-ийн нийт хөрөнгө нийлбэр дүнгийн 74.5%-ийн дангаараа бүрдүүлж байгаа. Тэдний хувьд 2023 оныг тааруухан үдсэн. Тодруулбал, борлуулалтын өртөг болон зардал нь өссөнөөр цэвэр ашиг нь 7.5% буурч байв. Харин 2024 онд борлуулалт нь 20.5%, хүүгийн орлого нь 121.7% тус тус өссөнөөр цэвэр ашиг нь 53.2% өслөө.

🤔  ROE өндөр ч P/E бага: Цаашлаад Монос Хүнс ХК-ийнхаас бусдынх нь хөрөнгө өссөн аж. Түүнчлэн өөрийн хөрөнгийн өгөөж буюу ROE нь дунджаар 21.1% байна. Энэ дүн 15%-иас дээш байвал ашигт ажиллагаа өндөр, хөрөнгө оруулалтын үр өгөөж сайн байгааг илтгэдэг. Гэхдээ P/E нь дунджаар 7.6 буюу зах зээлийн үнэлгээ тийм ч өндөр биш байгаа юм. 

📈 Зах зээлийн хувьд

Ерөнхийдөө бол манай ТОП-20 компани банк санхүү болон хүнс гэсэн 2 салбарын төлөөллөөс бүрдэх хандлагатай болсон. Харин энэ жилийн хувьд санхүүгийн салбарынхан зонхилж Газар Шим Үйлдвэр ХК болон Монос Хүнс ХК сагснаас хасагдсан. Тэгвэл хасагдсан $MFC-н зах зээлийн үнэлгээ 2024 онд 11.1% буурчээ. 

📊 Сагсанд үлдэгсдийн хувьд: Шунхлай Групп бүх ажилтандаа АПУ ХК-ийн хувьцаа олгосон. Эргээгээд $APU-н зах зээлийн үнэлгээ 2024 онд 17.3% унасан бол энэ он гарснаас хойш үргэлжлүүлэн ₮5 тэрбумаар буураад байна. Харин $SUU-н зах зээлийн үнэлгээ 2024 онд хамгийн ихээр буюу 27.4%, араас нь $TUM-нх 16.9% тус тус өсжээ. 

Эцэст нь… Хүнсний акулуудын нөхцөл байдал нэг иймэрхүү байна даа. Хэрэв энэ салбарын төлөөллүүдэд хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа бол санхүүгийн нөхцөл байдал болон харьцаа үзүүлэлтүүдийг нь сайн хянаж, харьцуулж үзээрэй гэж зөвлөе. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

 

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.

ШУУД ДАМЖУУЛАЛТ