Дэлхийн хамгийн алдартай хэл сургалтын апп Duolingo-н алдарт шар шувуу Duo насан эцэслэлээ. Үхлийн шалтгаан нь тодорхойгүй байгаа бөгөөд Tesla (TSLA)-н Cybertruck-т дайруулсан, бүр цаашлаад Squid Game-д оролцож яваад нас барсан гэхчлэн олон таамаглал гарч байна.
🪦 Үхлээрээ айлгав
Энэ нь компанийн тоглоом шоглоомтой маркетинг байв. Хэрэв та Duolingo ашигладаг бол хэл давтуулах гэж яаж үзэж тарж, үсэрч наалддагийг нь мэдэх биз ээ. Түүний үхлийг компани хэл сургах гэж үглэж, яншаад, аргадаж нэг үзсэн ч хэрэглэгчид нь хэлээ давтахгүй байсантай холбон тайлбарласан бөгөөд хэрэв Duо-г эргүүлэн авчирмаар байвал 50 тэрбум XP цуглуулах даалгавар өгөв. Улмаар хэрэглэгчид нь ч хайрт шувуугаа буцаан авахаар хичээлээ хийж, одоогоор 12 тэрбум XP-г цуглуулжээ.
🆙 Duo шувуу нас барсан сургаар Duolingo-н Android хэрэглэгчдийн тоо дэлхий даяар 25% өссөн бол Android үйлдэлтэй утас дээрх татан авалт 38%, вэб хайлт 58% тус тус өссөн байна.
🕊️ Цаашлаад, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, X, Netflix (NFLX), алдарт дуучин Дуа Липа эмгэнэл илэрхийлсэн нь компанийн хачирхалтай маркетингийг улам алдаршуулах нь тэр.
🤫 Хагацах болоогүй шүү!
Сонирхолтой нь Duolingo тус мэдэгдлийг Super Bowl-с 3 хоногийн дараа тархаасан бөгөөд хормын дотор Super Bowl-н талаарх мэдээг арчиж, олон нийтийн сүлжээ Duo-р дүүрэх нь тэр. Super Bowl-г ердөө ганцхан TikTok бичлэгээр арчсан гэхээр чамгүй амжилттай маркетинг болсон нь харагдах биз ээ.
💰 Хэр ашиг орлоготой билээ? Duolingo-н сарын идэвхтэй хэрэглэгчийн тоо өнгөрсөн оны II улиралд анх удаа 100 саяыг давж дээд амжилт тогтоож байсан. Улмаар орлого нь өмнөх оноосоо 38% өсөж $190 саяд хүрч байв.
🌟 Duolingo Монголд ч хөөрхөн алдартай. Өнгөрсөн онд тус апп-ийг ашигладаг хэрэглэгчдийн №1 сонголт нь Англи хэл байсан бол удаалаад Солонгос хэлийг сонирхон сурдаг байх нь.
Эцэст нь… Сүүлийн үед маркетингийн тулаан оргилдоо хүрч зарим талаараа ёс зүйгээс гажууд, өвөрмөц, хурц шийдлүүд олон харагдах боллоо. Duolingo-н хувьд хэл сураач ээ, гээд урамшуулж нэг үзээд, уйлж, уурлаж, сүрдүүлэх гэхчлэн олон аргаар үзсээр эцэст нь хэл сурахгүй бол үхлээ шүү л гэж байна. Гэхдээ маркетингаа тоглоомтой, хошин байдлаар хийсэн болохоор хүнд сэдэвтэй ч амжилттай хэрэгжих шиг.