Монгол Улсын эдийн засаг 2024 онд 4.9% өсөж томоохон байгууллагуудын төсөөллийг давах нь битгий хэл ойртсонгүй ээ гэж. Яагаад тэр вэ? Одоо яах билээ?
📉 Уруу, уруу, уралын нуруу
Монголбанк, Сангийн яам, АХБ тэргүүтэй нөлөө бүхий байгууллагуудын гаргасан Монголын 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөлөл дунджаар 5.3% байв. Гэтэл хөдөө аж ахуйн салбарын доройтол, шал арчих нүүрсний үнэ, тэнгэр бараадах импортын бараанаас үүдэн 2023 онд 7.4%-д дүүлж явсан эдийн засгийн өсөлт 2.5 нэгж хувиар уруудлаа. Нэмээд инфляц өссөөр 9.6%-д хүрчихсэн байдаг…
📌 Тодруулъя: ДНБ-ийг задлаад харвал ХАА-н салбарынх 28.7% буюу хамгийн ихээр буурсан бол бүтээгдэхүүний цэвэр татвар 16.1% буюу хамгийн ихээр өссөн байгаа юм. Араас нь уул уурхайн салбар 10.8% өсөж ДНБ-ий нийт өсөлтийн 1.4 нэгж хувийг бүрдүүлэв.
🧐 Гол зогоогчийн гагцаа
Харж байгаачлан манай эдийн засаг уул уурхайдаа чирэгдсээр л байна. Энэ дундаа 2016-2022 оны хооронд нүүрсний салбар ДНБ-ий 4% орчмыг, экспортын орлогын 35.1%-ийг бүрдүүлж ирсэн. Харин өнөө нүүрсний үнэ нь 2022 оны оргилоосоо 60.8% буюу $154.75-оор доош өнхөрч явна. МХБ (MSE) дээр арилжаалагдаж байгаа баяжуулсан коксжих нүүрсний үнэ л гэхэд 2024 оны эхнээс 37.1% унажээ. Нөгөө талд бид жил ирэх тусам нүүрсний экспортоо учир зүггүй нэмээд л.
😓 Зөөгөөд, зөөгөөд түрийвч хоосон: Манай нүүрсний экспорт 2019-2022 оны хооронд 1 ч удаа төлөвлөгөөндөө хүрч байгаагүй. Харин 2023 онд буюу Ковид-19-ийн дараа төлөвлөгөөгөө байнга давуулж, нүүрсийг ядах юмгүй зөөж байна. Харин зөөгөөд байгаа ч орлого буураад байгаа нь асуудал. 2024 оны нүүрсний экспортын үнийн дүн л гэхэд өмнөх оноосоо $230 саяар буурсан.
Тэгэхээр, цаашид нүүрсний үнэ унасаар байвал Монголын эдийн засаг тэр дундаа уул уурхайн салбарт зөвхөн зэс хамгийн чухал болох нь. Гэтэл зэсийн хамгийн гол тоглогч Оюу толгойн оргил үе 2036 он гэхэд дуусна. Тэрний дараа үйлдвэрлэл ч үгүй, нүүрс зэснээс өөр юм үгүй манай эдийн засаг одоо яана вэ?