Австрали дэлхийн хамгийн анхны “Залилангаас урьдчилан сэргийлэх хууль”-ийг баталлаа.
Анхных гэсэн учир нь тус хуулиар үүрэг хүлээх талууд нь олон нийтийн сүлжээ болон харилцаа холбооны компаниуд нэмээд банкнууд. Хууль тогтоогчид нь дэлхийн хамгийн хатуу залилангийн хууль баталлаа гээд бахдалтай ярьж байх юм билээ.
🚓👮🏻♀️ Залилагчдыг олж, барь!
Шинэ хуулиар олон нийтийн сүлжээний платформууд оруулж буй зар сурталчилгаагаа шалгах, харин банкнууд мөнгө хүлээн авагчийн мэдээллийг илүү тодорхой харуулдаг болох гэхчлэн өөрчлөлтүүдийг хийх ёстой болж буй.
😲 $50 саяын торгууль: Маргаан дагуулж буй гол асуудал нь компаниуд хяналтаа сайн тавьж чадахгүй буюу залиланг таслан зогсоож чадахгүй бол AU$50 сая хүртэлх торгууль ногдуулах аж.
⚖️ Дүрэмтэй, номтой: Мэдээж торгохын өмнө тэдгээр байгууллагуудад залилангаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, мэдээлэх гэхчлэн тогтсон зарчмуудыг гаргаж өгөхийн сацуу хэр мөрдөж байгааг давхар хянаад явах юм байна.
Хэн хянах вэ гэхээр, банкнуудыг Австралийн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын хороо, харилцаа холбооныхныг Харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн газар тус тус хянаж ажиллана.
🤖 Харж байгаа шүү! Залилаад үзээрэй!
2023 онд Австралид залилангийн 301,765 хэрэг бүртгэгдсэн бөгөөд хохирлыг дүн нь AU$476.8 сая. Улмаар ACCC буюу манайхаар бол хуучин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2023 оноос эхлэн Залилангийн эсрэг виртуал үндэсний төвийг ажиллуулж эхэлжээ. Гол зорилго нь иргэдээ мэдээллээр хангахын сацуу нөгөө талд залилагч иргэнтэй холбогдохоос өмнө таслан зогсоох.
✌🏻 Үр дүн: Тус төв ажиллаж эхэлснээс хойш буюу 2024 онд залилангийн хэргийн гаралт 17% буурсан аж. Сонирхуулахад, Австралид хөрөнгө оруулалттай холбоотой залилан хамгийн их гардаг юм байна.
🚨 Бяцхан сорил: Цаашлаад, ScamWatch гэх платформоор залилантай холбоотой бүхий л мэдээллийг нээлттэй тавьж, иргэдийн залиланд хэр өртөмтгий байгааг нь шалгах бяцхан сорилыг ч байршуулсан харагдана. ЭНД дарж өөрийгөө сориод үзээрэй. Хөөрхөн эд байна.
Юутай ч тус хууль ирэх жилээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Хуулийг батлах гол түлхэц нь өнгөрсөн хугацаанд гагц хувь хүмүүс л луйвар, залилантай тэмцэж ирсэн тул залилангийн гол суваг болж буй платформуудыг үүрэгжүүлэх хэрэгтэй гэж үзжээ. Хэрхэн хэрэгжүүлэх нь л сонирхолтой байна. Манайд ч гэсэн энэ тал дээр яс мөрдөгддөг зохицуулалт хэрэгтэй л байгаа даа.