МХБ (MSE)-д даатгалын салбараас 5 компани бүртгэлтэй байгаа. Одоогоор 4 компанийнх нь тайлан гарчээ. Энэ дундаас Бодь Даатгал ХК (BODI)-ийн цэвэр ашиг 80.6% өссөн байна. Энэ тайланг задалъя.
🗺️ Ерөнхий зураглал
Манай даатгалын зах зээл жилээс жилд тэлсээр байгаа. 1.3 сая хүн ямар нэгэн байдлаар даатгалтай болсон гэхээр бидний дунд даатгалын ойлголт харьцангуй сайжирсан харагдана. Энэ утгаараа өнгөрсөн онд энэ салбарын хөрөнгийн хэмжээ 20.2% өсөж ₮662.8 тэрбумд хүрсэн байна. Нийт 20 компанийн 5 нь ХК болсон гэхээр даатгалын салбарын ХЗЗ дэх оролцоо ч өндөр. Бодь Даатгалын хувьд даатгалын болон давхар даатгалын компаниудын нийт хөрөнгөд эзлэх хувь нь 6.2% болж өссөн байна.
🔻 Зардал буурав
Цаашлаад, Бодь Даатгалын тайлангийн хувьд нийт даатгалын хураамжийн орлого жилийн өмнөхөөсөө 10.7% өсөж ₮32.1 тэрбум болсон ч давхар даатгалын хураамжийн зардал нь 49.5% нэмэгдсэн тул орлого нь цэвэр дүнгээр 0.5% өссөн байгаа юм. Харин нөхөн төлбөрийн цэвэр зардал нь 26.3% буурснаар цэвэр ашиг нь 80.6% буюу ₮1.1 тэрбумаар өсөж ₮2.5 тэрбум болсон хэрэг.
📈 Түүнчлэн компанийн нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оноос 25.3% нэмэгдэж ₮40.9 тэрбум болсон бол эздийн өмч нь 15.1% өсжээ. Улмаар ROE буюу эздийн өмчийн өгөөж нь 19.8% болсон аж. Түүнчлэн $BODI-н P/B харьцаа 1.6 байгаа бол P/E нь 7.9 байгаа юм.
💰 Ногдол ашиг айсуй
Нэмээд $BODI-н ТУЗ өнгөрсөн Баасан гарагт хуралдаж 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, нэгж хувьцаанд ₮5 буюу нийт ₮1.1 тэрбумын ногдол ашиг хуваарилах нь. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, 4 сарын 30-ны дотор олгох аж. Тэдний ногдол ашгийн өгөөжийг $BODI-н өчигдрийн үнээр тооцоход 5.7% болж байгаа юм.
Энд нэмэхэд, Бодь Даатгал 2024 онд Монголын Иргэний Агаарын тээврийн дотоодын даатгагчаар хамтран ажиллаж эхэлсэн аж. Мөн вэбсайтаа шинэчилж ХУР, ДАН системийн холболт болон тээврийн хэрэгсэл эзэмшигчийн мэдээллийг автоматаар татах, EBarimt мэйлээр очих зэрэг олон үйлдлийг хялбаршуулжээ. Байгууллагын болон хувь хүний даатгалын компаниа сонгохдоо ядаж нээлттэй компаниудынх нь санхүүгийн нөхцөл байдал, туршлагыг нь энэ мэт судалж, харьцуулж сонговол дээр юм байна шүү.