Трамп Ерөнхийлөгч болоод нэн тэргүүнд Украины хямралыг дуусгана гэж ам гарч байсан. Түүний үг хий хоосон биш гэдгийг харуулж Путинтай утас цохиод 7 хүрэхгүй хоногийн дотор уулзалт товлож, ТНБД, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх нараа Саудын Араб руу илгээлээ.
🙂↔️ Хэлэлцээрийн меню
Трампын гал зогсоох хэлэлцээрт Украин болон Европын Холбоо багтаагүйн улмаас өчигдөр хаа сайгүй л шуурхай зарлаж гүйлдэв. Одоогоор яригдаж буй Путинд найр тавих саналууд Украины 3 жил улсынхаа төлөө тэмцсэн тэмцлийг үнэгүйдүүлэх эрсдэлтэй.
🦅 Бүргэдийн найраа: Тодруулбал, Украин НАТО-н гишүүн болохгүй, газар нутгаасаа бага зэргийг Орост өгөхөд гэмгүй, цаашлаад Орост буцаад Их 7-гийн бүлэг орох хаалгыг нээх гэхчлэн ой тойнд буумгүй явган яриа яригдаж буй.
Юун дураараа юм! Юутай ч Украин өөрсдийг нь оролцуулаагүй ямар ч шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн бол Америк хэлэлцээрийн агуулга ахисан түвшинд хүрвэл Украин, Европыг оролцуулахаа мэдэгдэв. Ахисан түвшин гэдэг нь тун удахгүй Путинтай биечлэн уулзахыг хэлээд байх шиг.
🤔 Бүр том эрх ашиг
Олон улсын харилцаанд гал зогсоох санаачилга гаргаж буй гуравдагч тал хэзээ ч сахиусан тэнгэр байдаггүй. Америкийн хувьд ч Украины газрын ховор элемент (ГХЭ)-ийг чөлөөтэй авах боломжийг идэвхтэй эрэлхийлж байгаа. ГХЭ-ийн талбар дахь Хятадын хамаарлаа багасгаж, үнэтэй ч гэсэн ирээдүйд ГХЭ боловсруулалтыг дотооддоо төвлөрүүлэхийн тулд нөөц нь тасалдахгүй байх учиртай.
🦹🏻 Тиймээс ч Трамп Америкийн Украинд олгосон дэмжлэгийн хариуд $500 тэрбумтай дүйх ГХЭ авахыг шаардсан төдийгүй чухал ашигт малтмалынх нь 50%-ийг эзэмших санал тавьсан гэх яриа гараад байгаа.
Хямралыг дуусгахад бэлэн байгаа гэж Америк, Орос бие биедээ талархаад л. Нөгөө талд Украин хууртагдсан мэдрэмж авч байгаагаа илэрхийлсээр. Америк өнгөрсөн хугацаанд Украины хамгийн том туслагч байсан ч төсөв данхайлгасан гэж Трамп үүнийг зогсоосон. Мөн бүргэд, баавгай нэг талдаа гарч дэвж, савардаад эхэлбэл Украинд энх тайван тогтохдоо л тогтоно гэдэг агуулга яваад байх шиг.
Үүнээс бидний авах ёстой сургамж нь жижиг улсын эрх ашиг хэзээ ч их гүрнийхийг давахгүй гэдэг. Аз болоод ашиг сонирхол нь 1 шугамд байвал шүхэр дор нь хоргодно, үгүй бол томчуудын учраа олох өргөл барьц болоод дуусна.