Инвескор Санхүүгийн Групп Лондоны Хөрөнгийн Бирж (LSE)-д албан ёсоор бүртгэгдлээ. Ингэснээр тэд LSE-д бүртгэгдсэн Монголын анхны санхүүгийн компани болоод байна. 👏
✨ Тэлэлтийн он жилүүд
Инвескор Санхүүгийн Групп 2016 оноос хойш тэлсээр үндсэн чиглэл болох ББСБ-аасаа гадна андеррайтер, брокер, үл хөдлөх, хөрөнгө оруулалтын сангийн чиглэлд тэлсэн. Үүнээс гадна зөвхөн Монголд бус Төв Азийн санхүүгийн зах зээлд амжилттай өргөжиж одоогоор 8 улсад 14 охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж буй.
💪 $INV-н амжилт: Инвескор ББСБ (INV)-ын хувьд л гэхэд 2019 онд нийт хувьцааныхаа 15%-ийг олон нийтэд санал болгож МХБ (MSE)-ийн түүхэн дэх хувийн хэвшлийн хамгийн том IPO-г хийж байв. Үүний дараа FPO ч хийж Монголд 16 салбар, Киргизэд 4 салбар, Казакстанд 1 салбартай болсон. $INV бол IPO-н дараа амжилттай явж буй цөөн компанийн нэг. Тэдний хувьцааны үнэ IPO үнээсээ 5.6 дахин өсөөд байна.
🆕 Шинэ тавцан: Харин одоо тэд LSE-д албан ёсоор бүртгэгдсэнээр зөвхөн компанийн хувьд бус Монголын санхүүгийн салбарын хувьд ч томоохон ахиц гарлаа. Зүгээр нэг бирж биш 224 жилийн түүхт, дэлхийн хамгийн томд зүй ёсоор тооцогдох, 70 гаруй орны 2,700 гаруй компани хувьцаагаа арилжаалдаг Лондоны Хөрөнгийн Бирж шүү дээ.
🧐 Ямар боломж үүсэх вэ?
Инвескор Санхүүгийн Групп LSE-д бүртгэгдсэнээр гаднын хөрөнгө оруулагчид Монголын санхүүгийн салбарт илүү анхаарал хандуул эхлэхээс гадна компанийн хөрвөх чадвар сайжирч, капиталын хүртээмж нэмэгдэнэ. Нэмээд LSE ОУ-ын санхүүгийн тайлагналын стандарт (IFRS), засаглалын дүрмийн хатуу журамтай тул ил тод байдал, засаглал сайжрах юм. Үүнийг дагаад өрсөлдөх чадвар сайжрах, нэр хүнд өсөх, хувьцааны үнэ цэн нэмэгдэх гээд нэмэгдэх бонус их.
🌌 Цаашид…
Инвескор Санхүүгийн Групп Монголын санхүүгийн салбарыг ОУ-ын тавцанд гаргах томоохон үүрэг гүйцэтгэлээ. Тэд цаашид ч гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, Монголын санхүүгийн экосистемийг хөгжүүлэх чиглэлд ажиллаж Азийн санхүүгийн салбарын томоохон тоглогчдын нэг болохоор зорьж буй. Ямартай ч манай зах зээлд дэвшил гарч ахисаар л байна. Илүү олон компани энэ жишгийг дагах болтугай.