Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Ногдол ашиг тараах 8 компанийн 4 нь төлөлтийн өдрөө тодорхой зарлав

 

Зээ, сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж МХБ (MSE) дээр бүртгэлтэй ХК-иуд ногдол ашиг тараах шийдвэрээ гаргаж эхэллээ. Хэн, хэн хэдийг тараах нь вэ? 

🗒️ Эхлэл = 8 

Одоогийн байдлаар он гарснаас хойш 8 ХК ногдол ашиг тараах шийдвэр гаргаад байна. Энэ дундаас АПУ ХК (APU)-ийн ногдол ашиг хамгийн өндөр буюу 2024 оны II хагас жилийн цэвэр ашгаас ₮69.2 тэрбум, 2024 онд нийт ₮127.6 тэрбумын ногдол ашиг тараах шийдвэр гаргаад буй. Тэдний II хагас жилийн ногдол ашгийн өгөөжийг өчигдрийн хувьцааны үнээр тооцвол 6.5% болж байгаа юм. Харин Эрдэнэт Суврага (SVR) болон Инвескор ББСБ (INV)-ын ногдол ашгийн өгөөж хамгийн бага, ЛэндМН ББСБ (LEND)-ынх хамгийн өндөр байна. 

📈 Сургаар өсөв: Харин Инвескор ББСБ ногдол ашиг тараах шийдвэр гаргасны дараа хувьцааны үнэ нь өчигдрийн байдлаар 4.62%, Монложистикс Холдинг (MLG) ногдол ашиг болон хувьцаа халааслах шийдвэр гаргаснаар хувьцааны үнэ нь 8.38% өслөө.

👏 Сайн жишгийг дагагсад

Авууштай нь тус 8 компанийн 4 нь ногдол ашгийн төлөлтийн өдрөө тодорхой зарлаад байна. ЛэндМН ББСБ л гэхэд ногдол ашгийн төлөлтийн өдрөө 2 дахь жилдээ тодорхой зарлаж байгаа буюу энэ жилийн хувьд 4 сарын 4-нд ногдол ашгаа тараах нь. Нээлттэй компаниуд ногдол ашгийн өдрөө тодорхой зарласнаар хөрөнгө оруулагчид ногдол ашиг авах өдрөө тодорхой мэдэж, өөрийн ногдол ашгийн өгөөжийг удирдах, төлөвлөх боломжтой болох юм. 

 Ногдол ашиг тараахгүй

Харин эсрэг талд одоогоор 6 компани ногдол ашиг тараахгүй байх шийдвэр гаргаад байна. Говь ХК (GOV) л гэхэд өнгөрсөн оны ТУЗ-ийн хурлаараа 2024 онд ашигтай ажиллахаар байгаа учраас ногдол ашиг хуваарилах болов уу гэсэн төсөөлөлтэй байгаагаа илэрхийлж байсан ч санхүүгийн үр дүн нь ногдол ашиг олгох нөхцөлийг хангаагүй тул ногдол ашиг хуваарилахгүй байх шийдвэр гаргасан

Угаас зарим компаниудын хувьд алдагдал, өр төлбөр зэрэг санхүүгийн нөхцөл байдлаасаа хамаарч эсвэл үйл ажиллагаагаа тэлэх зорилгоор ашгаараа дахин хөрөнгө оруулалт хийж ногдол ашиг тараахгүй байх нь оновчтой шийдвэр болдог билээ. 

Эцэст нь… Одоо ч банкнуудын ногдол ашгийн шийдвэрийг хүлээж байна даа. Хүлээлт үүсгэж байгаа компаниуд шийдвэр гарсны дараа энэ тоймыг дахин хүргэе ээ. Stay tuned! 

ШУУД ДАМЖУУЛАЛТ