Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Монголын амь зуулгын орлого буурсаар л

 

Эртээ урдын цагт Орос, Хятад, Монгол гурвын онигоог сонсдог байсан бол орчин үед Америк, Хятад, Монгол гурвын онигоог сонсдог боллоо гэж.

 Трамп: Америк эн тэргүүнд

Трамп 7 хоног эхлэв үү, үгүй юу гаалийн тарифын бодлогоо өргөжүүлэн, ган болон хөнгөн цагааны татварыг 25% нэмэгдүүлж дотоодын ган үйлдвэрлэгч нараа баярлуулав. Улмаар ган болон автомашин үйлдвэрлэгчдийн хувьцааны үнэ ногоороод эхэллээ. Америк гангийн эрэлтээ дотоодын үйлдвэрлэл болон импортоор хангаж ирсэн бөгөөд аандаа импортын ганг зах зээлээсээ шахаж дотоодын үйлдвэрлэлээ түшиглэх бололтой. 

📉 Гэтэл нөгөө талд Хятадын дотоод дахь гангийн эрэлт буурч үйлдвэрлэл нь илүүдээд байгаа учраас гадаад зах зээл рүү жинхэнэ утгаараа цутгаж, өнгөрсөн жилд 110.7 сая тн ган экспортолжээ. Тэр бүү хэл тэд ирэх жилүүдэд гадагш 100 сая тн ган экспортлох төсөөлөлтэй байгаа нь Америк төдийгүй бусад орны ган үйлдвэрлэгчдийг тэвдүүлэхээс аргагүй. 

🆙 100 сая тн гэдэг бол Америкийн жилд үйлдвэрлэдэг хэмжээнээс хэтийдсэн дүн тул дотоодын үйлдвэрлэгчид татварыг нь 25% биш 60% болго гэж шахаж буй. 

🙌 Тойруулаад хаа!

Америк хөрш орнууд болох Канад, Мексикээс хамгийн их ган импортолдог. Өнгөрсөн онд нийт импортын 40%-ийг тус 2 улс, Хятад ердөө 1.8%-ийг л бүрдүүлсэн байдаг. Гол агуулга нь Хятадаас Америк руу шууд импортолж буй маш бага харагдах ч Вьетнам, Тайвань, Япон, Өмнөд Солонгос гээд гуравдагч орнуудаар дамжин ирж байгааг тэр чигт нь хааж, хавтгай татвар ногдуулсан. 

🤔 Амиа бодсон шийдвэр: Трамп тангаргаа өргөснөөс хойш зөвхөн Америкийг бодсон маш түрэмгий шийдвэрүүдийг гаргаж түүнийг нь ч дэлхий нийтээрээ шүүмжилж байна. Гэхдээ тэрбээр анхнаасаа л Америкийг эн тэргүүнд тавина гэж гарч ирсэн гэхээр гайхах зүйлгүй. Айлын аав, ээж хүүхдүүдээ ингэж хамгаалж дэмждэг байх нь. Манайд бол арай өөр хууль л үйлчлээд байдаг даа. 🤕

Эцэст нь… Хятадын үл хөдлөх, ган гээд гол салбарууд нь сэргэхгүй байгаа учраас эдийн засаг нь ч дорвитой сэргэхгүй байна. Нэмээд нүүрсний үнэ 4 жилийн өмнөх буюу тн тутмын үнэ нь $104.5-руу уначихлаа. Монголын амь зуулгын орлого буурсаар л. Гэтэл бид өнгөрсөн 2 жилд түүхэн дээд хэмжээгээр нүүрсээ экспортоллоо гээд тэтгэвэр, цалин, халамжуудаа нэмчихсэн байдаг. Халамжаа даах нь уу? Хажуугаар мега төслүүдээ амжуулж чадах нь уу?  

ШУУД ДАМЖУУЛАЛТ