Энэ 7 хоногт Аялал жуулчлалын 7 хоног тохиож байгаа. Монгол энэ онд 1 сая жуулчин, 2030 онд 2 сая жуулчин хүлээн авах зорилтоо биелүүлэхийн тулд юу хийх билээ?
🛖📍 Бүсчилж хөгжүүлнэ
Цар тахлын дараа буюу 2023, 2024 онуудад Монголыг зорих жуулчдын тоо урьд хожид байгаагүйгээрээ нэмэгдэж, 651 мянган болон 808.9 мянгад хүрсэн. Улмаар аялал жуулчлалын салбарын орлого 2023 онд анх удаа $1 тэрбумыг давж байсан бол өнгөрсөн жил $1.6 тэрбумыг олсон байдаг.
Бодит байдал 🆚 Мөрөөдөл
Харин 2030 он гэхэд уг үзүүлэлтийг 2.5 дахин өсгөж 2 сая жуулчин татахын тулд аялал жуулчлалыг төвийн, хойд, өмнө, баруун, зүүн гэхчлэн бүсчилж хөгжүүлэх аж. Цаашлаад, гагц зуны 3 сард хамаг жуулчдаа хүлээн авах бус бусад улиралдаа нэн ялангуяа жуулчид хамгийн бага ирдэг өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Зорилт нэг иймэрхүү. Одоо бодит байдлаа харъя.
Өнгөрсөн жилийн байдлаар Монгол дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн индексэд 119 орноос 85-рт буюу сүүл мушгиж яваа. Бидний хамгийн их оноо алдсан үзүүлэлт нь амралт зугаалгын бус зорилготой аялал жуулчлал, цаашлаад агаар болон газрын дэд бүтцийн сул хөгжил. Өөрөөр бол Монголд жуулчид аялах гэж зорьж л ирэхгүй бол сурах, ажлын шугамаар гэхчлэн өөр зорилгоор ирэхгүй гэсэн үг.
🏂 Юутай ч аялах гээд зориод ирж буй жуулчдадаа тархаан татах буюу өвлийн аялал жуулчлалыг нэмэгдүүлэх нь чухал. Гэхдээ бид өвөл “Хөх сувд”, "Улаанбаатар” өвлийн наадмуудыг л зохион байгуулж байна.
🐼 Харин урд хөрш маань өвөлдөө хэдэн саяар нь жуулчин татаад сурчихсан. Өнгөрсөн жилд л гэхэд Харбины мөсний баярын үеэр 600,000 м² талбайг хамарсан мөсөн хотыг сүндэрлүүлж 179 сая жуулчид хүлээн авснаар $33 тэрбум орчим орлого олж байв. Үлгэрийн юм шиг мөсөн хотыг барьчихаар зорьж очихгүй гээд ч яах билээ?
Эцэст нь… Одоогоос 11 жилийн өмнөхтэй харьцуулахад аялал жуулчлалын салбарын ДНБ дэх өсөлт 4 нэгж хувиар өсөж 7.2%-д хүрээд байна. Салбарын орлогыг 2030 он гэхэд $8 тэрбумд хүргэхийн тулд 1 аялагчийн Монголд зарцуулах дүнг 2 дахин буюу $4,000-д хүргэнэ л гээд байгаа. Гэхдээ хэдий болтол онгон дагшин байгалиараа л нүүрээ тахлах вэ? Монголд мөнгөө үрье гээд ирсэн жуулчдад үзүүлэх үйлчилгээ, худалдах бүтээгдэхүүнээ төрөлжүүлэхгүй бол тэдний мөнгө халаасандаа л үлдэнэ шүү дээ.