Монголд IPO хийснээсээ хойш амжилттай явж байгаа компани ховор. Тэгвэл үүний эсрэг зүгт их өсөлт, тэлэлтийн замд явж байгаа “ЛэндМН ББСБ” ХК (LEND) 2024 оны тайлангаа танилцууллаа. Юу болсон бол оо?
📈 Өссөөр, ногоорсоор
“ЛэндМН ББСБ” ХК-ийн 2024 оны голлох санхүүгийн үзүүлэлтүүд бүгд 2023 оныхоос +80% өссөн байгаа юм. Тодруулбал, нийт зээлийн багц нь 89.6% өсөж ₮237.7 тэрбум болсноор хүүгийн орлого нь ч мөн 86.6% нэмэгдэж ₮89.2 тэрбум болжээ. Улмаар цэвэр ашиг нь 82.3% пуужиндаж ₮36.1 тэрбум болжээ.
🔥 Ногдол ашиг айсуй: Компани ТУЗ-ийн ээлжит хурлаараа энэ цэвэр ашгийн 30.62%-ийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдсэн. Тэгэхээр нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг нь жилийн өмнөхөөс ₮7-өөр өсөж ₮15 болж байгаа бөгөөд өчигдрийн хаалтын үнээр тооцвол ногдол ашгийн өгөөж нь 9.8% байна. $LEND ногдол ашгаа тодорхой өдөр буюу 4 сарын 4-нд тараах аж.
📌 Илүү их: Түүнчлэн “ЛэндМН ББСБ” ХК-ийн нийт хөрөнгийн дүн тайлант хугацаанд 89.1% өсөж ₮252.3 тэрбумд, татан төвлөрүүлсэн эх үүсвэр нь ч 84.3% нэмэгдэж ₮169.9 тэрбум болсноос цар хүрээ нь хэр тэлснийг харж болно.
💪 Бизнесийн тэлэлт
Харж байгаачлан тэдний зээлийн багц нэлээд өсжээ. Учир нь тэдний бүртгэлтэй харилцагчдын тоо 10% өсөж 1.3 саяд хүрсэн байна. Хэдий тэдний зээлийн багц 89.6% өссөн ч үүнд эзлэх чанаргүй зээлийн хувь 0.2 нэгж хувиар л нэмэгдэж 4.3% болжээ. Түүнчлэн тус ББСБ-ын зээлийн багцын өсөлтөд бизнесийн зээлийн өсөлт чухал нөлөөтэй.
Тодруулбал, тэд 5 минутын дотор бизнесийн зээлийг дансандаа хүлээн авах "Flexi business" хэмээх үйлчилгээг нэвтрүүлснээр 35 мянган удаагийн олголтоор нийт ₮153 тэрбумын бизнесийн зээл олгосон байгаа юм. Үр дүнд нь нийт зээлийн багцын 23%-ийг бизнесийн зээл бүрдүүлж буй. Нийт бизнесийн зээлийн харилцагчдын 65% нь эмэгтэй гэж байгаа.
👏 Зах зээлд ч амжилттай
$LEND-н IPO үнэ ₮25 байсан бол одоо ₮152.29 болж 6.1 дахин өссөн. Угаас өнгөрсөн онд л гэхэд тус хувьцаа 169.4% өсөж ТОП-уудын өсөлтийн 2-рт жагссан. Энэ ч утгаараа жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо нь ч тогтмол нэмэгдэж буй. Тэдний хувьцаа хөрөнгийн зах зээл дээр амжилттай байгаад зогсохгүй компани ББЗЗ-д хаалттай хүрээнд 2 удаагийн нийт ₮20 тэрбумын бондыг татан төвлөрүүлжээ. Нэг ч гэсэн засаглал сайтай, IPO-нхөө араас амжилттай явж байгаа жишиг компани байгаад баярлах юм даа.