Биднийг газрын ховор элементийн төслөө явуулна, явуулахгүй гээд жагсаж цуглаж байх хооронд энэ зах зээл дээр бөөн бужигнаан болж байна даа.
🤨 Тусыг түүхий эдээр
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд үзүүлсэн $300 тэрбум орчмын санхүүгийн дэмжлэгийнхээ хариуд тус улсаас газрын ховор элемент болон бусад нөөцийг нь импортлохыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.
💭 Яагаад? Америк одоогоор нэг л газрын ховор элемент (ГХЭ)-ийн уурхайтай байгаа. Гэтэл уг элемент эрчим хүчний шилжилт, гар утас гэх мэтийн бүх дэвшилтэт технологи, цахилгаан автомашинд хүртэл ашиглагдаж байгаа чухал нөөц. Нөгөө талд газрын ховор элементийнх нь зах зээлийн овгор нь Хятад. Ингээд л асуудал тодорхой байгаа юм.
📌 Товчхондоо: Тусалсныхаа хариуд ГХЭ нийлүүл гээд байгаа нь Хятадын хамаарлыг бууруулах гэж л тэр. Америк 2024 оны байдлаар газрын ховор элементийн хэрэгцээнийхээ 80%-ийг Хятад, Малайз, Япон, Эстони зэрэг улсаас хангаж байгаа тул үүнийгээ Украинаар төрөлжүүлэх гэж байгаа хэрэг. Угаас Украинд уран, лити, титан зэрэг ашигт малтмалын томоохон ордууд бий.
🇨🇳 Хятадын давамгайлал: Америк Хятадаас холдох гээд байгаа нь Хятад ГХЭ-ийн талбарт хэт давамгай байгаа. Тус улс дэлхийн ховор металлын боловсруулалтын 85%-ийг дангаараа гүйцэтгэж байгаа гэхээр бусад улсууд Хятадаас хэт хамааралтай байгаа гэсэн үг. Тэд ч үүнийгээ мэдэрч энэ давуу талаа геополитикийн хэрэгсэл болгон ашиглах хандлагатай байдаг.
🇲🇳 Монголын нөхцөл байдал
Манайх ойролцоогоор 6 ордын 3.1 сая тн-н нөөцтэй. Үүгээрээ дэлхийд эхний 15-д орно. Уг нь бол Засгийн газрын 2024-2028 онд баримтлах бодлогын 3.3.1.7-д “Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ” гэсэн байдаг. Гэтэл бодит байдал дээр ганц хайгуул хийж урагшилж байсан ГХЭ-ийн төслөө зогсоочихсон.
Эцэст нь… Уг нь бол бүх улс л ГХЭ-ийн талбар дахь Хятадын хамаарлыг бууруулмаар байгаа. Ямар сайндаа Их Британи хүртэл манайхаас ГХЭ импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлэх вэ дээ. Бид яг энэ үеийг ашиглаж зөвхөн нүүрс, зэсийн олборлолтод тулгуурлах биш уул уурхайн салбарт шинэ төрлийн төслүүдийг хөгжүүлж, зах зээлийн трэндээсээ хоцормооргүй л байгаа юм даа.