“Оюу толгой” ХХК 2024 онд нийт 214.8 мянган тн зэс үйлдвэрлэлээ. Ингэснээр тэд 2015-2016 онд тогтоож байсан амжилтаа эвдээд байна.
💥 Тэсрэлтийн эхлэл
Оюу толгойн гүний уурхай ирэх сард 2 нас хүрнэ. Гүний уурхайн нээлтээс хойш Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэж буй. Тодруулбал, өнгөрсөн онд үйлдвэрлэсэн нийт баяжмал дахь зэсийн хэмжээ 2022 оныхоос 66.5%, 2023 оныхоос 27.8% нэмэгдээд байна. Уг нь бол 27.8% биш 40% нэмэгдэнэ гэж тооцоолж байсан юм.
💭 Гэхдээ 2024 оны IV улирлын зэсийн үйлдвэрлэл бусад 3 улирлаасаа тасархай өндөр буюу 66 мянган тн-г давсан аж. 2023 оны мөн үеэс бол 63% нэмэгдсэн хэрэг. Угаас өнгөрсөн оны 10-р сард хүдрийг 1,300 м-н гүнээс гадарга руу тээвэрлэх дамжуурга ажиллаж эхэлснээр үйлдвэрлэл нь 33% өссөн аж.
🚀 Цаашид ч зэсийн үйлдвэрлэл улам өргөжиж 2028-2036 онд 500 мянган тн зэс олборлох зорилготой. Өөрөөр хэлбэл сүүлийн 3 жилийн зэсийн олборлолтыг 1 жилд хийнэ гэсэн үг. Энэ хүрээнд баяжуулах үйлдвэрийн ажил ч урагшилж энэ оны II улирал хүртэл үе шаттайгаар ашиглалтад орох төлөвтэй буй.
‼️ Дараагийн том төсөл юу байх вэ?
Юутай ч Оюу толгойн үйл ажиллагаа тасралтгүй хэвийн үргэлжилж байгаа бол нөгөө талд манай эдийн засагт том хүч өгдөг нүүрсний үнэ 2022 оны дээд цэгээсээ 72.1% унаад байгаа. Улмаар нүүрсний экспортын биет хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа ч орлого нь буурах трэндтэй байгаа хэрэг. Цаашдаа ч нүүрсний үнэ унах, Хятадын нүүрсний хэрэглээ буурах нигууртай байгаа тул манай эдийн засгийн түлхүү зэсийн орлого дээр тулгуурлах нь.
Мэдээж 2036 он хүртэл Оюу толгойн зэсийн үйлдвэрлэлийн оргил үеийн ачаар эдийн засагт доголдол үүсэхгүй байж болох ч үүний дараа яах вэ гэдэг бол том асуудал. Уг нь бид хайгуулын ажлыг эрчимжүүлж бусад түүхий эдийн ордыг нээж ирээдүйд ирэх эрсдэлийг хаах ёстой ч дараагийн Оюу толгой хаана, хэзээ бий болох вэ гэдэг асуулт хэвээр байгаа нь харамсалтай.