2025 оны байдлаар тогтвортой хөгжлийн санхүүжилтийн чиглэлд 24,000 гаруй бонд 4,800 гаруй зээл зах зээлд тус тус гарсан байна.
👀 Илүү олон: Улмаар уг чиглэлийн бондын хэмжээ сүүлийн 2 жил дараалан өссөөр 2024 онд $1 их наядад хүрч нийт бондын 11%-ийг бүрдүүллээ.
🏆 Тэргүүн магнайд “Ногоон бонд”
Тогтвортой хөгжлийн санхүүжилт дор нийгмийн, тогтвортой, ногоон эдгээрийн холимог гэхчлэн олон нэршилтэй бонд багтдаг. Энэ дундаа “Ногоон бонд” хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн байсаар ирсэн бөгөөд өнгөрсөн онд нийт $618 тэрбум, өөрөөр хэлбэл нийт санхүүжилтийн 60%-ийг татжээ. Харин нөгөө талд “Тогтвортой бонд”-уудын нийт зах зээлд эзлэх хувь 18% болж анх удаа “Нийгмийн бонд”-уудыг давав.
🍼 Бяцхан тоглогчид: Бусад бондуудтай харьцуулахад “Шилжилтийн” буюу , “Тогтвортой хөгжлийн зорилттой нийцсэн бонд”-ууд маш бага буюу 5% хүрэхгүй хувийг бүрдүүлдэг.
⤴️ Өсөх трэнд: Энэ чиглэлд Японы ЗГ түрүүлж алхан өнгөрсөн онд анх удаа хүлэмжийн хийн ялгаруулалтаа багасгах зорилгоор “Шилжилтийн бонд” гаргаж, ирэх 10 жилд нийт ¥150 их наяд буюу $1 их наядын дүн бүхий бондуудыг үе шаттайгаар гаргахаар болсон.
🔮 2025 оны төлөв: Тогтвортой өсөлт
Энэ онд тогтвортой санхүүжилтийн зах зээл 2024 онтой харьцуулахад огцом тэлэхгүй ч тогтвортой өсөх төлөвтэй байна. Улс орнуудын инфляц буурч, өр багасахын хэрээр тогтвортой санхүүжилт сайнаар бодоход $1.3 их наяд, муугаар бодоход $834 тэрбум хүрнэ гэгдэж буй.
👀 Эрсдэл: 2024 оны сүүлчээс Европын Холбоонд “Ногоон бондын стандарт” мөрдөгдөж эхэлсэн. Уг стандарт бондын орлогын 85%-иас доошгүй хэсгийг ЕХ-ны Ногоон таксонимийн шалгуурт нийцсэн төсөл санхүүжүүлэх, байгаль орчны 6 зорилтын аль нэгэнд нь хувь нэмрээ оруулах гэхчлэн хатуу заалт агуулсан нь бонд гаргалт агшихад нөлөөлөх эрсдэлтэй.
👱♂️Цаашлаад, Трампын Парисын гэрээнээс гарсан явдал ирэх 4 жилд Америкийн ногоон санхүүжилтэд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байгаа.
Харин Монголын хувьд 2023 онд дотоодын зах зээлд анхны ногоон бондоо өлгийдөн авч байсантай харьцуулахад 2024 онд 4 ногоон, нийгмийн бонд зах зээлд гарч мэдэгдэхүйц өссөн. Нөгөө талд арилжааны банкнууд тус онд ₮1.3 их наядын ногоон зээл олгож нийт зээлийн багцын 3.7%-ийг ногооруулав.
Эцэст нь… Улс орнуудын тогтвортой хөгжлийн зорилтыг дагаад санхүүжилт ч сайн нэмэгдэж байна. Гол нь ЕХ, Америкийн хатуу зохицуулалт, тодорхойгүй байдал гэхчлэн их гүрнүүдийн бодлогын орчин хатуураад ирэхээр л хэцүүдчих гээд байх юм.