АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
М банкны хөрөнгийн хэмжээ 2022 оноос хойш 7.1 дахин нэмэгджээ

 

Бид арилжааны банкнуудын тайланг ээлж дараатайгаар хүргэж байгаа билээ. Энэ удаад салбар дундаа хамгийн залуу банк болох М банкны үр дүнг хүргэе. Тэдний нийт хөрөнгийн хэмжээ ₮1.7 их наяд болсон шүү. Юу болоод байна вэ?

🚀 Бүх үзүүлэлт үржигдэв

М банкны бүх санхүүгийн үзүүлэлт 2024 онд маш сайн өсжээ. Нийт хөрөнгийн хэмжээ нь л гэхэд жилийн өмнөхөөсөө 2.7 дахин, 2022 оныхоос 7.1 дахин нэмэгдсэн байгаа юм. Цаашлаад, харилцах хадгаламжийн хэмжээ нь нийлбэр дүнгээрээ 2022 оныхоосоо 14.6 дахин өсөж ₮1 их наядыг давсан байна. Үүний хүрээнд мэдээж нийт олгосон зээл нь ч 8.9 дахин пуужиндаж ₮829.6 тэрбумд хүрчээ. Гэхдээ чанаргүй зээлийн цэвэр зээлд эзлэх хувь нь 1.2 нэгжээр буурч 2.7% болжээ. 

🫨 Яаж вэ? Тэд Монголын анхны дижитал банк гэдэг брэндингийн дор үүсгэн байгуулагдаад 2 жил 3 сарын нүүрийг л үзэж буй. Жижиглэнгийн (retail) банкны чиглэлд төвлөрч буй тэд гаднын томоохон банкнуудын жишгээр харилцагчийн суурь баазыг бий болгоход түлхүү анхаарч шинэлэг урамшуулал, шинэ бүтээгдэхүүн санал болгож байгаа.

Өндөр зардал ➡️ Алдагдал: Тэд энэ хэмжээний эх үүсвэр, харилцагчдыг татахын тулд их хэмжээний маркетинг, урамшууллын зардал гаргаж буй. Нэмээд дижитал банк гэдэг утгаараа IT-н зардал ч мундахгүйгээс гадна M loyalty хөтөлбөрийн хүрээнд олгосон урамшуулал нь ₮2 тэрбумд хүрсэн гэхээр яалт ч үгүй өндөр зардал гаргажээ. Улмаар тэд 2024 онд ₮7.7 тэрбумын алдагдал хүлээсэн.

🤑 Ашиг руу: Өөрөөр хэлбэл, М банкны алдагдал 2022 оныхоос ₮2 тэрбумаар буурсан ч 2023 оныхоос ₮4.9 тэрбумаар өссөн хэрэг. Гэхдээ тэд их хэмжээний зардал гаргасны эцэст цар хүрээгээ тэлснээр 2024 оны 12-р сард сарын үзүүлэлтээр ашигтай гарч эхэлсэн аж. Тэгэхээр тэдний энэ оны I улирлын тайлан ногоон өнгөтэй гарах нь дээ. 

Эцэст нь… 2024 он бол банкны салбарын шинэ тоглогчийн хувьд тэлэлтийн жил байжээ. 2 жил гаруйн хугацаанд 460 мянган харилцагчтай, ₮1.7 их наядын нийт хөрөнгөтэй болно гэдэг бол чамгүй үзүүлэлт. Заа тэгээд I улиралд анхны ашигтай тайлангаар уулзах нь дээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ