АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
2025 онд 5 CEO тутмын 3 нь ажиллах хүчний тоог нэмэгдүүлнэ

Бөмбөрцгийн CEO нарын дийлэнх буюу 60% нь 2025 онд дэлхийн эдийн засаг сайжрах эерэг төсөөлөлтэй байна. Энэ ч утгаараа 2025 оныг одоо хөдөлж, зоригтой шийдвэр гаргах цаг хугацаа гэж тодорхойлж буй. 

☝️ Тогтворгүй мөчлөг дэх тогтвортой өсөлт

PwC 109 орны 4,701 CEO нарыг хамруулсан ээлжит CEO судалгаагаа танилцуулж, CEO түвшний эрхмүүдийн эдийн засгийн төсөөлөл сүүлийн 2 жилийнхээс мэдэгдэхүйц сайжирсныг харуулав. Цаашлаад, судалгаанд хамрагдсан CEO нарын 42% нь зоригтой шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах хэрэгтэй гэж яаравчлах болсон нь ямар нэгэн томоохон өөрчлөлтгүй, одоогийнхоороо явбал ирэх 10 жилд бизнес нь оршин тогтнох боломжгүй гэх алсын хараатай нь холбогдож буй. 

📃 Тэдний хийх зүйлс: Улмаар 5 CEO тутмын 3 нь ажиллах хүчний тоог нэмэгдүүлж, AI-г үргэлжлүүлэн нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.

🤖 AI боломж: CEO нар AI-г ажлын байр устгагч бус ирээдүйд шинээр бүтээж чадах ажлын байруудыг онцлохын сацуу компанийнх нь ашигт ажиллагаа, орлогод эергээр нөлөөлнө гэж харж буйгаа хуваалцжээ. Сонирхолтой нь CEO нарын 56% нь AI компанийнх нь ашигт ажиллагааг нэмэгдүүлсэн, 34% нь ашиг нэмэгдэхэд бодитоор нөлөөлсөн хэмээн хариулжээ. 

❗ CEO нар юу хийх хэрэгтэй вэ? 

2025 он удирдлагуудын хувьд магадгүй хамгийн чухал жил. Иймээс ч тэд бизнесийн стратеги цаашлаад орлогын үндсэн сувагтаа AI-г нэвтрүүлэх, шинэ салбарууд руу идэвхтэй өргөжиж, нөөцөө динамикаар дахин хуваарилах, уур амьсгалын эсрэг ногоон санхүүжилт нэмэгдэж байгааг ашиглах чиглэлд онцгой анхаарч байгаа гэнэ шүү. 

🔪 2 иртэй хутга: Гэснээс Америк Парисын гэрээнээс гарсан нь тус улс руу олгогдох олон улсын санхүүжилт өөр улсууд руу юүлэгдэх боломжийг үүсгэхийн сацуу нөгөө талд санхүүжилт буурах эрсдэлийг үүсгэх төлөвтэй. 

Эцэст нь… Бизнесийн орчин дахь AI халуурал хэдийнээ эхэлсэн. Уг судалгаанаас харахад ч одоог хүртэл хөдөлж эхлээгүй компаниуд AI-н өрсөлдөөнөөс хэдийнээ хоцорсноо мэдэрч хурдтай шилжих, дасан зохицохыг эрмэлзэж байна. Монголд ч AI халуурал болон ногоон санхүүжилт нэмэгдэж байгаа нь анзаарагдаад л байгаа даа. AI гэхээр л хэт холын гэж харуузай, хэдийнээ хаалга өшиглөөд ороод ирсэн шүү.

ШУУД ДАМЖУУЛАЛТ