АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Я.Нямтогтох: Эрүүл мэндийн салбарт гагц мөнгө байгаад л болчихдоггүй

 

Хүндэт Lemon Press-н уншигч нартаа энэ удаад Интермед эмнэлгийн Гүйцэтгэх захирал Я.Нямтогтохтой эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал, улсын болон хувийн эмнэлэгт тулгарч буй бэрхшээл болон боломжийн талаар ярилцсан ярилцлагаа хүргэж байна. Тухалж байгаад уншаарай. 

Ярилцлагаа эрүүл мэндийн салбарт тулгарч буй асуудлаас эхлүүлье. Сүүлийн жилүүдэд иргэд хувийн болон улсын эмнэлгүүдийн тусламж үйлчилгээ, хүртээмжийн асар зөрүүтэй болж байгааг онцлон ярих боллоо. Үүний шалтгааныг юу гэж хардаг вэ? 

Аль ч улс оронд манай эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал байгаа. Хөгжлийнхөө түүхээс улбаалаад ямар түвшинд байна вэ гэдгээрээ л ялгаатай. Эрүүл мэндийн салбар бол хамгийн анхны бизнес салбаруудын нэг. Эмч өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, түүндээ тохирсон хэмжээний төлбөр авдаг систем буюу хувийн эмнэлгийн тогтолцоо Монголд харьцангуй сүүлд бий болсон. Орчин үед гэж ярихад л 1990 оноос хойш бага багаар тогтоод явж байгаа. Гэтэл бидний өөрсдийгөө харьцуулах дуртай эрүүл мэндийн системтэй улс орнуудын хөгжил 200, 300 жилийн өмнө тогтчихсон. 100 жил, 200 жил үйл ажиллагаа явуулсан эмнэлгүүдийн үйл ажллагааг хооронд нь харьцуулахад хүртэл асар их зөрүүтэй байх нь тодорхой. 

Гэсэн ч нийгэм, хүмүүс сонголттой байх ёстой. Тэр сонголт нь хаана байх вэ гэдэг нь зах зээл өөрөө чөлөөтэй байх агуулгаараа тогтож байдаг. Харин Монголын хувьд 30 гаруй жилийн түүхэндээ тодорхой хэмжээнийхээ сорилтуудыг даваад явж байна. Улс болон хувийн салбарт аль алинд нь хөгжиж, дэвшсэн зүйл олон. Тухайн үед эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт ч бага, сонирхож хөрөнгө оруулах нэгэн нь ч бага байлаа. Нөгөөтэйгүүр 30 жилийн өмнө хувийн эмнэлгийн зах зээлд эзлэх хувь 5%, 6% байсан бол 15 жилийн өмнө 15% одоо бол ⅓-г нь эзлэж байна.  

Монголд эрүүл мэндийн даатгалын системийг бусад оронтой харьцуулахад харьцангуй сайн хөгжсөн. Гэсэн ч эргээгээд даатгалын хүртээмж, ашиглалт нь сул байгаа. Үүнийг хувийн ЭМД систем шийдэж чадах уу? Бид юуг алгасаж, юун дээр алдаад байна вэ? 

Бусад орны мэргэжилтнүүдтэй ярилцахад Монгол шиг ийм эрүүл мэндийн салбар нь нээлттэй системтэй газар ховорхон шүү гэж хэлдэг. Өөрөөр бол яаралтай тусламжаас бусад чиглэлийн үйлчилгээ авъя, цаг авъя бараг өнөө маргаашгүй эмнэлэгт ирээд үзлэг, шинжилгээ, тусламж үйлчилгээ авдаг улс орон одоохондоо ховорхон байна. Үүнд 2 талын эдийн засгийн хөшүүрэг болох хувийн болон улсын даатгал ихээхэн нөлөөлж байгаа. Огт даатгалгүй хэсэг ч байна. Хувийн даатгалтай хэсгийн хувьд мэдээж даатгуулагчтайгаа илүү ойрхон, үр ашигтай ажиллах талаараа дараалал арай бага тусламж үйлчилгээгээ авдаг. 

Энэ бол ганц Монголд ч биш гаднын өндөр хөгжилтэй орнуудад байдаг л жишиг. Харин улсын даатгалтай бол хүлээлгийн зарчим хаана ч үүсдэг. Саяхан Их Британид ханиад томууны дэгдэлт Монголтой адилхан гарч байгаа талаар мэдээллийг харж суулаа. Тэгэхэд эмнэлэгт хэвтэж чадахгүй, тусламж үйлчилгээ авч чадахгүйгээс болоод нас баралт огцом нэмэгдсэн тохиолдол гарсан. Үүнд 1-рт эмнэлгийн хүчин чадлын асуудал, 2-рт даатгалын хөшүүргийн асуудал яригдаж байгаа. Тэнд магадгүй хувийн эмнэлгүүд дээр нь нөхцөл байдал харьцангуй дээр байгаа байх. Үүнээс харахад Монголын эрүүл мэндийн салбар бусад орнуудтай үйлчилгээний хөгжлийн түвшингээрээ ялгаатай байж магадгүй. Харин нээлттэй, хүртээмжтэй байдлын хувьд нэлээн боломжийн болчихсон гэж хардаг. 

Гэхдээ бодлогоороо иргэдийг улсын эмнэлэг рүү чиглүүлэх бодолго баримталдаг. Үүний тулд ЭМД-ын систем гэж байгаа. Гэтэл ЭМД-ын орлогоор чанартай үйлчилгээ үзүүлэхэд хүрэх үү, үгүй юу, чанартай эм, тариа хэрэглэхэд нь хүрэх үү, үгүй юу цаашлаад тоног төхөөрөмжийн зардалдаа дүйж чадах уу гэхчлэн бодох зүйл их. Дийлэнхдээ даатгалын өгч байгаа мөнгө бодит зардлаа ч нөхөж чадахгүй нөхцөл байдалтай л байна.

Хувийн ЭМД-ын хувьд наанадаж иргэд өөрийн сонголтоор эмнэлэг, эмчилгээ үйлчилгээгээ сонгох цаанадаж улсын болон хувийн эмнэлэгт нэмэлт санхүүжилт татах хөшүүрэг болно. 

Та яриандаа дурдсанчлан хувийн эмнэлэгийг менежмент улсынхаас илүү сайн байгаа болохоор ч тэр үү үйлчилгээ, хүртээмж нь харьцангуй сайн байдаг. Ямар ч салбарт төр болон хувийн компаниудын менежмент тэнгэр газар шиг байгаа нь үнэн. Үүний шалтгааныг юу гэж харж байна? 

Энэ бол өнөө л хөгжлийн үе шатын асуудал. Одоогоор улсын эмнэлгүүд нөхцөл байдалд нийцэж ажиллах, хурдтай ажиллах тал дээр хөшүүн байгаа нь үнэнч ч айхавтар муу менежменттэй гэж чадахгүй. Учир нь улсын эмнэлэгт хөрөнгө оруулалт, эдийн засгийн хөшүүргүүд нь хэр боломжийн байгаа вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Яг үнэндээ би хувьдаа улсын эмнэлгийн менежерүүдийг бага төсвөөр маш мундаг удирдаж байгаа гэж хардаг. Жишээ нь цар тахлын өмнө улсын эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт ₮200-₮300 тэрбум байсан бол сүүлийн 5 жилд ₮600-₮800 тэрбум болж өссөн. Товчоор бол 5 жилийн өмнө энэ салбар дахь улсын хөрөнгө оруулалт асар бага байсан гэсэн үг. Азаар гэх үү, цар тахлын улмаас улс эрүүл мэндийн салбараа анхаарах ёстой юм байна гээд хөрөнгө оруулалтаа нэмж эхэлсэн. 

Нэг тоног төхөөрөмж ямар үнэтэй билээ? Барилга байшин нь ямар үнэтэй билээ? Улсад энэ болгоныг даах хэмжээний эдийн засгийн боломж нөөц харьцангуй бага байгаа. Тэгэхээр өгөгдсөн боломждоо зохицож үйл ажиллагаа явуулах нь менежерүүдийн шийдлийн асуудал болно шүү дээ. Сүүлийн 10 жилд салбарт маань дэлхийтэй хөл нийлүүлж алхах ёстой гэх ойлголт харьцангуй нэмэгдэж, зарим нэг эмчилгээ үйлчилгээний салбарууд руугаа түлхүү хөрөнгө оруулалт хийж байгаа. Гэсэн ч том зургаар нь харахад нэг улс нийтээрээ нийлээд жилдээ $200 саяын хөрөнгө оруулалт хийнэ гэдэг бол маш бага үзүүлэлт. Интермедийн хувьд сүүлийн 2 жилд $20 саяын хөрөнгө оруулалтыг бие даагаад хийсэн байна. 

Манай эрүүл мэндийн салбарын хувьд тусламж, үйлчилгээ нь ашгийн төлөө биш буюу хуучин социалист агуулгаараа нийгмийн халамжийн чиглэл рүү явчихсан. Дан ганц эрүүл мэндийн салбар ч гэлтгүй бүх чиглэл л энэ замаар явж байна. Энэ бүхнийг улс дангаараа, ганц төсвөөр даана гэдэг бол төвөгтэй бөгөөд хэцүү. 

Даатгалын тал дээр би хувьдаа хувийн даатгалууд илүү санхүүгийн суурьтай, хүчтэй байгаасай гэж хүсдэг.

Ингэж дэмжиж байж цаад хүсэл зорилгоо биелүүлэхгүй бол хэчнээн сайхан хүсэл байлаа гээд одоогийн бидний нөхцөлд хэрэгжүүлэхэд төвөгтэй шүү дээ. 

Нөгөө талд хувийн эмнэлэг арай үр ашигтай, динамик ажиллах тал дээр давуу байгаа нь үнэн. Ингэхээс ч аргагүй. Зарим хүмүүс Интермедийг мөнгөтэй хүний үйлчлүүлдэг эмнэлэг гэж хардаг. Энэ бол өрөөсгөл ойлголт. Хувийн туршлагаасаа хэлэхэд хүн эцсийн дүндээ түргэн оношлуулаад, эдгэрээд эрүүл болохоо л боддог. Энэ бол биднийг сонгож байгаа хамгийн том хөшүүрэг нь. Өөрөөр бол Интермедэд итгэж байгаа тэдгээр хүмүүсийн итгэлийг харуулж буй. 

Улсын эмнэлгүүд төсвөөс бүрэн санхүүжих байдлаар ажилладаг. Гэтэл манай төсөв халамжаа даахгүй хэмжээнд ирчихсэн. Ер нь улсын эмнэлгүүд өөрийгөө санхүүжүүлэх чиглэлд ажиллах боломж байгаа юу? Бусад оронд ийм жишиг байдаг уу? 

Бас л нөхцөл байдал нь 2 өөр болчхоод байна. Монголын хувьд ЭМД улсын эмнэлгүүдийн үйл ажиллагааны зардлыг бараг 100% санхүүжүүлж байна. Улсын байгууллагуудын нэг зарчим нь хөрөнгө оруулалтыг улс шийдэх зарчим. Өөрөөр хэлбэл олсон орлогоороо хөрөнгө оруулалт хийх бус үйл ажиллагаагаа санхүүжүүлэх нь гол зорилго нь. Гэтэл бусад тоног төхөөрөмж авах, шинээр эмнэлэг барих зэргийг төсвөөс шийдэж өгдөг системээр ажиллаж байна. 

Харин олон улсад зөвхөн төсвийн орлогоос гадна хандив тусламжийн маш том эх үүсвэр байдаг. Жишээ нь олонд танигдсан том эмнэлгүүдэд ашгийн бус хандивууд өгөх нь элбэг. Харин хөрөнгө оруулалтын хувьд бусад салбараас ялгаатай нь эрүүл мэндийн салбарт ашгаас гадна нийгмийн шинж чанартай агуулга зайлшгүй яригдаж байдаг учраас энэ 2 том агуулгыг тэнцвэржүүлж явах ёстой болдог. Энэ ч утгаараа эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт 2, 3 жилийн ашгаар бус илүү урт хугацааны үнэ цэнийг бүтээдгээрээ онцлог. Үүнийг хардаг хөрөнгө оруулагчид ч их. 

Аливаа улсын эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулж буй хүмүүс тухайн зах зээлийнхээ хүн амын өсөлт, насжилтыг онцгойлон харж эрсдэл боломжоо тооцох байх. Гэтэл Монголд төрөлт өнгөрсөн онд 2008 оноос хойших түүхэн доод түвшинд хүрлээ. Цаашид ч буурах төлөв анзаарагдаж байна. Энэ мэтчилэн үзүүлэлтээс болж энэ салбарт хөрөнгө оруулах хүсэл нь улам буурах юм биш үү? 

Мэдээж хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа ирээдүйд өсөх боломжийг тооцоолж орж ирнэ. Бидэнд санал тавьсан хөрөнгө оруулагчид ч зах зээлийн трэнд, хүн амын өсөлт, насжилт гэхчлэн олон асуудлуудаа бодчихсон орж ирдэг. Гол асуудаг зүйл нь бид нар орж ирээд монголчууд дотооддоо шийдэж чадахгүй байгаа асуудлаа шийдэж чадах уу? Энэ нь бүтээмж талаасаа ч тэр үйлчилгээ, чанарын асуудал талаасаа ч сайжрах боломжтой эсэхийг их сонирхдог. Түүнчлэн Интермедэд өргөн хүрээнд гэхээсээ илүү тодорхой асуудлыг шийдэх гэж хөрөнгө оруулалт хийх сонирхол их байдаг. 

Интермед эмнэлэг гадаадын хөрөнгө оруулалтаас илүү дотоодын хөрөнгө оруулагчдын амжилттай хэрэгжүүлж буй төсөл гэдгээрээ онцлог. Интермедийг үүсгэн байгуулах шаардлага юу байсан болон цаашид ямар алсын хараатай ажиллаж байгаа талаар уншигчидтай маань хуваалцана уу.

MCS Групп, Шунхлай Групп болон Энержи Ресурс ХХК гэхчлэн гол хөрөнгө оруулагчид маань эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийх санаа 2005 оны үеэс эхлэлтэй. Улмаар Интермед эмнэлгийг $60 сая орчим хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулж байсан. Энэ нь нийгмийн сайн сайхны төлөө, дотооддоо олон улсын түвшний эмнэлгийн үйлчилгээг авах, нэвтрүүлэх хүсэлтэй нь холбоотой. Тухайн үеийн бизнесийн лидерүүдийн хувьд ашгийн бус, урт хугацааны үр өгөөжтэй төсөл хэрэгжүүлэхийг зорьсон нь гол хөдөлгөгч хүчин зүйл байсан. Цаашлаад эмнэлгийн бүтээн байгуулалтын эхэн үед гаднын хөрөнгө оруулагчдыг мөн урьж, барууны менежментийн туршлага оруулж ирсэн нь онцлох зүйл юм. Үүнээс жишээ нь, өдгөө Америкийн UFH Group Интермедийн бага хэмжээний хувь эзэмшиж буй явдал. 

Өнгөрсөн 10 жилд Азийн орнууд Солонгос, Япон, Энэтхэг, Тайваниас хөрөнгө оруулалтын санал түлхүү ирж байсан. Манай эмнэлгийг сонирхсон хөрөнгө оруулагчдын хувьд хууль эрх зүйн орчин болон журмын хувьд харьцангуй гайгүй гэж хэлдэг. Гол асуудал нь нөгөө л зах зээлийн хэмжээ, боловсон хүчний асуудал. Шинэ эмнэлэг барилаа гэхэд түүнд ажиллах боловсон хүчин нь бэлэн байна уу? Асуудалгүй ажлаа хийгээд явахад хэр бэлтгэгдсэн бэ, гэх асуудлыг их асуудаг. Тоног төхөөрөмж бол тийм ч том асуудал биш. Гол нь манай эрүүл мэндийн салбар тийм том биш шүү дээ. $1 тэрбум орчимд л байгаа. Тиймээс том хөрөнгө оруулалт хийхэд зах зээлийн хэмжээ нь жижигдээд байдаг. 

Та яриандаа эмнэлгийн нэг тоног төхөөрөмж асар үнэтэй байдаг талаар хэд хэд дурдлаа. Интермед тоног төхөөрөмжүүдээ өөрийн санхүүжилтээр худалдан авдаг уу, аль эсвэл хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах байдлаар шийддэг үү?

Нэлээн хэдэн аргаар шийдэхгүй бол болохгүй. Мэдээж өөрсдийн хөрөнгө оруулагч нарт найдах зүйл байгаа. Дээрээс нь нэмээд олон улсын болоод дотоодын банк санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажилладаг. Өнгөрсөн онд бид эмнэлгээ өргөтгөж ашиглалтад оруулсан. Нийт $20 саяын хөрөнгө оруулалтын талыг нь MCS болон бусад хөрөнгө оруулагчид маань үлдсэн хэсгийг нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шийдсэн. Харин жижиг болон дунд хэмжээний хөрөнгө оруулалтыг өөрсдийн сулруулсан мөнгө эсвэл хамтын ажиллагаагаар шийддэг. Мэдээж тодорхой хэмжээний мөнгө суллаад түүнийгээ тоног төхөөрөмж рүүгээ хөрөнгө оруулах байдлаар үйл ажиллагаагаа өргөтгөж, шинэчлээд явдаг. 

Өөр нэг боломж нь гаднынхны технологийн чиглэлтэй хөрөнгө оруулалт. Үүний нэг жишээ нь тоног төхөөрөмж, технологийн хөрөнгө оруулалт. Гол агуулга нь эмнэлэг мөнгөтэй байлаа ч шинэ технологи, үйлчилгээ нэвтрүүлэхэд тухайн технологийг ашиглах ноу-хау гэдэг зүйлийг бид тэр болгон сайн мэдэхгүй шүү дээ. Эрүүл мэндийн салбарт гагц мөнгө байгаад л болчихдоггүй. Тиймээс ийм төрлийн хамтын ажиллагаа дан ганц мөнгөн хөрөнгөөр бус ноу-хау-г нутагшуулдаг гэдгээрээ давуу талтай.

Хувийн эмнэлэгт төрийн дэмжлэг хэр цаашлаад хязгаарлалт хэр байдаг бол? Ер нь улсын болон хувийн эмнэлгийн уялдаа холбоо, хамтран ажиллах боломж хэр байдаг талаар ярилцъя.

Анхнаасаа 1990-ээд оны шилжилтийн үед эрүүл мэндийн салбарыг улсын бүтэц дээр тулгуурласан системээр аваад явсан. Тийм ч учраас одоо яам, бодлогын газрын хардаг хэсэг нь улсын эмнэлэг. Хувийн эмнэлгүүдийг бол юутай ч ажлаа хийгээд явж бай гэх агуулга байдаг. Улс орнуудын хувийн эмнэлгүүдээ удирдах зохицуулалт өөр өөр байдаг. Энэтхэгт хувийн эмнэлгүүд маш сайн хөгжсөн төдийгүй хүн амынх нь 70% орчим нь хувийн эмнэлгээр үйлчлүүлдэг болсон. Үүний цаад агуулга нь эрүүл мэндийн даатгалын хөшүүрэг, хэрэглэгчийн сонголт, тэр дундаа үнийн бодлого юм. 

Манайд ч гэсэн улсын болон хувийн эмнэлгийн тарифын ялгаа нь эрүүл мэндийн үйлчилгээний чанарт хэрхэн нөлөөлж байгааг тойрсон олон асуудал яригддаг. Улсын даатгалын систем зөвхөн улсын эмнэлгийн хүрээнд бага тарифыг дэмжих чиглэлтэй байгаа нь эмнэлгүүдийг илүү хэмнэлт хийх эсвэл үйлчлүүлэгчийн тоог олон болгоход анхаарах, улмаар чанарт сөргөөр нөлөөлөх систем рүү шилжих эрсдэлийг бий болгож байна. Энэ нь чанартай сайн үйлчилгээ үзүүлэхийн тулд хангалттай тарифтай байх ёстой хувийн эмнэлгийн менежментийг ч мөн адил энэ чиглэл рүү гулсаж орох магадлалыг үүсгэж байна.

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд дэм болохын тулд төр, хувийн эмнэлэг болон эрүүл мэндийн даатгалын хамтын ажиллагаа зөв зохистой үйл ажиллагааг хангаж, иргэдэд чанартай үйлчилгээг хүртээмжтэй, үр дүнтэй хүргэх тэр л боломжийг бодлогоор дэмжих шаардлагатай. 

Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. 

Урьсанд баярлалаа. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ