Тайлангийн цуваа үргэлжилсээр. Энэ удаад Ариг Банкны 2024 оны аудитлагдаагүй тайлантай танилцъя. Тэдний нийт хөрөнгийн хэмжээ жилийн өмнөхөөсөө 61.9% буюу ₮274 тэрбумаар өсжээ. Энэ өсөлтийн цаана юу болов?
🚀 Хадгаламж пуужиндав
Аригтай хадгалаад ₮100 саяын эзэн болоорой гээд хөтөлбөрийг харсан л биз дээ? Үүний нөлөөгөөр тэдний харилцах хадгаламжийн нийлбэр дүн жилийн өмнөхөөсөө 116.2% өсөж ₮377.3 тэрбумд хүрсэн байгаа юм. Энэ дүнгийн 89.6% нь хадгаламж байгаа гэхээр хөтөлбөрийн нөлөө үнэхээр том байжээ. Эх үүсвэр нэмэгдсэн учраас цэвэр зээлийн хэмжээ ч 73.2% өсөж ₮332.8 тэрбум болсон аж.
🤔 Ашиг яав?: Ариг Банк тайлант онд ₮4.8 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байна. Ашгийн хэмжээ өмнөх жилээсээ буурсан нь үйл ажиллагааны тэлэлттэй холбоотой аж.
📈 Оны тэлэлт
Ариг Банкны үйл ажиллагааны тэлэлтийг харвал 2024 онд шинээр 3 салбарыг нээснээс гадна Номин Холдинг ХХК-д түшиглэн анх удаа санхүүгийн нэг цэгийн үйлчилгээг нээж, 2 тооцооны төвийн үйл ажиллаагааг эхлүүлсэн аж. Ингэснээр харилцагчдад санхүүгийн үйлчилгээг илүү ойртуулж буй.
✨ Шинэ: Нэмээд зах зээлд шинээр өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх болон ЗГ-аас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд орлого барьцаалсан бизнесийн бичил зээл, ханган нийлүүлэгчийн шуурхай зээлийн шугам гэх мэт 10 орчим зээлийг шинээр нэвтрүүлсэн байна. Мэдүүштэй нь банкны харилцагчдын эрх ашгийг хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO27001:2022 стандартыг нэвтрүүлсэн гэж байгаа.
🗺️ Олон улсад: Түүнчлэн Ариг Банк Киргизийн Finance Credit Bank-тай корреспондент банкны харилцаатай болсноос гадна International Bank of Economic Co-Operation банкнаас банк хоорондын зээлийн эх үүсвэр болон Хонгконгийн China Trade Solution компаниас ч мөн эх үүсвэр татсан аж.
Цаашлаад, тус банк 2025 оныг худалдааны салбарыг дэмжих жилээр зарлаж уг салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийг дэмжих шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ болон тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэмжих хүрээнд ногоон зээлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхээр ажиллах нь ээ.