Орон сууц худалдаж авах, хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа хүмүүс байна уу? Монголын үл хөдлөх зуучлалын салбарын хамгийн том тоглогч RE/MAX-н 2024 онд 12.3 мянган үл хөдлөх борлуулж ₮1.5 их наядын борлуулалт хийжээ. 2023 онд тогтоосон амжилтаа 50% давуулжээ. Яаж вэ?
🔥 Гал асаасан жил
RE/MAX нийт хугацаанд ₮5.3 их наядын борлуулалт хийсэн байдаг. Тэгэхээр зөвхөн 2024 онд нийт борлуулалтынхаа 28.3%-ийг хийсэн хэрэг. Улмаар RE/MAX-н тайлант жилийн шимтгэлийн орлого жилийн өмнөхөөсөө 55.3% өсөж ₮52.7 тэрбумд хүрчээ. Уг орлогын дийлэнх хэсэг буюу 65.3%-ийг орон сууц, зогсоолын шимтгэлийн орлого бүрдүүлсэн аж.
📈 Зах зээлийн трэнд: Илүү дээшээ
Том зургаар нь харвал өнгөрсөн онд нийт 43,822 айлын ашиглалтад орон сууц худалдаалагдсаны 9.6% нь RE/MAX-р худалдагдсан гэсэн үг. Энэ дундаа 2021-2023 онд ашиглалтад орсон орон сууц хамгийн их борлуулагдсан аж. Түүнчлэн Хан-Уул дүүрэг болон өрөөний тоогоороо 2 өрөө орон сууц хамгийн халуухан сонголт байжээ.
Тэргүүлэл: Үнэ 🆚 Эрэлт: Борлуулсан орон сууцууд дундаас үнэ нь хамгийн их өссөн нь Цэнгэлдэх хотхон, Хүннү 2222 хороолол байсан аж. Угаас Цэнгэлдэх хотхоны үнэ сүүлийн 4 жилд 134.5%, 1 жилд 22.1% өссөн байгаа юм. Харин Өрнөх хороолол хамгийн өндөр борлуулалттай 10 хотхоны жагсаалтыг тэргүүлэв.
💰 Дундаж үнэ: Түүнчлэн RE/MAX-р түрээслэгдсэн 2 өрөө орон сууцны үнэ өнгөрсөн оны эцсийн байдлаар сарын ₮1.77 сая байгаа нь жилийн өмнөхөөсөө 11% өссөн дүн аж. Мэдээж Сүхбаатар дүүрэг дэх түрээсийн орон сууцны дундаж үнэ хамгийн өндөр буюу Сонгинохайрханыхаас 98.3% дээгүүр байна.
🤔 Яаж борлуулалт хийгээд байна вэ?
RE/MAX-г маш хурдан буюу дунджаар 15 минут тутамд нэг үл хөдлөх хөрөнгө худалддаг гэдгийг мэднэ биз дээ? Учир нь СЗХ-нд бүртгэлтэй нийт агентуудын 85% буюу 1,300 орчим нь RE/MAX-д ажиллаж буй. Иймдээ ч тэд өнгөрсөн онд 2 сая км-г туулж, 1 агентын утсаар ярьсан минут дунджаар 10 өдөртэй тэнцэж, 59.4 мянган харилцагчтай болж байж Төв цэнгэлдэх хүрээлэнг 28 нугалсантай тэнцэх талбайг борлуулсан байна.
⏳ 18 /8: Гэснээс тэдний орон сууц худалдах дундаж хугацаа 18 хоног, түрээслэх нь 8 хоног байдаг аж. Нэмээд RE/MAX-тай гэрээлсэн харилцагчдын 3 үл хөдлөх хөрөнгө тутмын 1-ийг RE/MAX амжилттай борлуулж буй.
Эцэст нь… RE/MAX-н хувьд хамгийн том үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл бүхий сантай, хамгийн их агенттай учраас энэ зах зээлд байр сууриа тэлж, үл хөдлөх хөрөнгө авах зорилготой хүмүүсийн сонирхлыг ч өдөөж үүнийгээ дагаад ашиг, орлогоо ч өсгөж байна даа.