Зээ, намрын чуулган хаасантай холбоотойгоор өвлийн адаг сарын улаагчин тахиа өдөр түүхэн олуулаа болсон УИХ-ын гишүүдийнхээ ирцийг бүртгэчихье.
🔢Тооллого
Энэ удаагийн УИХ-ын намрын чуулган нийт 81 өдөр үргэлжилсэн бөгөөд 10-12-р сарын ирцийн мэдээллийг харахад 27 удаа хуралдсанаас 12-р сард хамгийн олон буюу 11 удаа хуралджээ. Ирцийн хувьд шинэ гишүүдтэй парламент гэсэндээ харьцангуй сайн буюу 93 гишүүн 74%-иас дээш ирцтэй оролцсон байна. Мөн 9 гишүүн 100%-ийн ирцтэй оролцов.
✌️ VIP: Ерөнхий сайд өнгөрсөн намрын чуулганы амжилтаа давтаж энэ удаад 27 чуулганаас 5-д нь оролцож хамгийн бага ирцтэй гишүүнээр тодроод буй. Үүний 52% буюу 14 удаад нь чөлөөтэй, 7 удаад нь гадаадад, 1 удаа нь өвчтэй байсан аж. Гэснээс Ерөнхий сайд чуулганд оролцох хэрэгтэй, хэрэггүй гэдэг маргаанд та ямар байр суурьтай байдаг вэ?
🥶 Луугар таслалт: Цаашлаад намрын чуулганы онцлох таслалтын эзнээр Х.Баттулга гишүүн 13 таслалттайгаар тэргүүлж буй. Ерөнхий сайд болон түүний муу ирц бусад гишүүдийнхээс хол тасархай байна лээ.
Шинэ хуучны ялгаа: Өөр нэгэн сонирхолтой зүйл нь чуулганд цөөн оролцсон ТОП-10 гишүүний 6 нь өмнө нь УИХ гишүүн байсан эрхмүүд байсан бол 4 нь шинээр сонгогдсон гишүүд байв. Эргэн сануулахад уг парламентын 65%-ийг шинэ гишүүд бүрдүүлж байгаа.
🤔 Тэд юу хийв?
Цаашлаад, өнгөрсөн чуулганаар УИХ 8 бие даасан хууль, 29 хуульд өөрчлөлт оруулах тухай, 8 хуулийг хүчингүй болсонд тооцох тухай гэхчлэн нийт 52 хууль, 57 тогтоолыг эцэслэн баталжээ. Тус чуулганы онцлох ажил нь $5.2 тэрбумын Ураны хөрөнгө оруулалтын гэрээ, ДЦС III-н өргөтгөл гэхчлэн эрчим хүчний өргөтгөл, шинэчлэлтийн шийдвэрүүд байсан билээ.
🫡 Бидний анхаарах асуудал
Одоо харин ирэх Хаврын чуулганаар хэлэлцэх Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээ, Татварын болон эрүүгийн багц хуулиуд, Энэтхэгийн Эксим банкнаас нэмэлт зээл авах тухай, одоо боловсруулж буй хэвлэл мэдээллийн эрх чөлөө, төрийн компаниудыг хувьчлах гэхчлэн олон хуулийн хэлэлцүүлэгт анхаарал хандуулах ажил үлдэж байна. Гишүүд хэр их идэвх, ирцтэй оролцох бол доо?