Монголын хамгийн том, хамгийн олон буюу 2.9 сая харилцагчтай ХААН Банк (KHAN) 2024 оныг ямар амжилтаар үдэв?
🅰️ Санхүү үзүүлэлт: Ногоон
ХААН Банк өнгөрсөн жил цэвэр зээлийн хэмжээгээ 24.2% нэмэгдүүлж ₮11.2 их наядад хүргэжээ. Учир нь тэдний харилцах, хадгаламжийн нийлбэр дүн жилийн өмнөхөөсөө 14.6% өсөж ₮14 их наядад дөхсөн байна. Улмаар цэвэр ашиг нь 14.3% нэмэгдэж ₮638.5 тэрбумд хүрэв. Тэдний цэвэр ашгийн өсөлт ТОП-5 банк дотроо 4-т эрэмбэлэгдэж байгаа ч нийт дүнгийн 38.4%-ийг дангаараа бүрдүүлж байна гэхээр аргагүй л хаан байгаа биз?
Ногдол ашиг 🆙: Улмаар тус банкны нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) жилийн өмнөхөөсөө ₮41.7-өөр нэмэгдэж ₮333.9-т хүрэв. $KHAN-н ногдол ашиг (НА)-ийн бодлогын хүрээнд энэ дүнгийн багадаа 40% нь 2024 оны НА болж олгогдоно. Угаас тэд 2023 оны цэвэр ашгийн 48.5%-ийг буюу нэгж хувьцаанд ₮141.73-ийн НА тарааж байв. Үүний өгөөжийг 2023 оны хаалтын ханшаар тооцвол 11.78% байжээ.
🧐 Нарийн ухвал, юу гарах нь уу?
Тус банкны хувьцааны харьцаа үзүүлэлтүүдийг харвал, өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) нь 25.9% байна. Энэ нь банк өөрийн хөрөнгийг үр ашигтай удирдаж, өрсөлдөх чадвар, тогтвортой байдал өндөр байгааг харуулж буй. Нэмээд P/B харьцааг нь 2024 оны хаалтын үнээр тооцоход 0.9 байгаа нь $KHAN зах зээл дээрх үнэлгээгээр өөрийн бодит үнэ цэнээс багаар үнэлэгдэж байгааг харуулж байна.
💭 Яаж тэлэв?
Цаашлаад, тэдний 2024 оны үйл ажиллагааны тэлэлтийг харвал, олон улсын зах зээлд Монголоос анх удаа нийгмийн бонд гаргаж ногоон дата платформоо ч танилцуулаад амжсан. Нэмээд 2024 онд 5 удаа ОУ-ын байгууллагуудаас санхүүжилт, эх үүсвэр татсан тэд энэ он гарсны дараа ч $200 саяын санхүүжилт босгоод байна.
Эцэст нь… Нээлттэй банкнуудын үйл ажиллагаа тэлж, ашиг орлого нэмэгдэж байгаа нь хөрөнгө оруулагч бидэнд илүү өндөр ашиг хүртэх боломжийг нээж байна даа.