Дэлхийн нийт ураны нөөцийн 2%-ийг эзэмшдэг бид дөнгөж өнгөрсөн 7 хоногт Францтай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулсан. Одоо юу өөрчлөгдөх вэ?
📈📉 Нөхцөл байдал
Дэлхийн ураны олборлолтын хэмжээ сүүлийн хэдэн арван жилийн туршид жигд бус өсөлт, бууралттай байгаа. Өөрөөр хэлбэл, 2000-2010 онд цөмийн эрчим хүчний эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор ураны олборлолт эрчимтэй өссөн бол 2016 оны оргил олборлолтын араас зах зээлийн үнийн уналтаас үүдэн олборлолт дахин буурсан юм. Харин 2021 оноос хойш цөмийн эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний нэгэн адил нүүрсхүчлийн хий багатай шийдэл гэж үзэх болсноор эрэлт дахин өсөж байна.
🇰🇿 Казахстаны хүч
Цаашлаад, ураны олборлолтоор тэргүүлэгчдийг харвал, 2022 оны байдлаар Казахстан нийт олборлолтын 43.4%-ийг дангаараа бүрдүүлжээ. Хэдий Австрали нөөцийн хэмжээгээрээ тэргүүлдэг ч олборлолтын хувьд Казахстанд титмээ алдсан хэрэг. Учир нь Казахстаны Засгийн газар ураны салбарыг хөгжүүлэхэд зориулсан бодлогыг дэмжиж, хөрөнгө оруулалт татах олон боломжуудыг нээж Хятад, Франц, Орос, Канад зэрэг улсууд руу уран экспортолж буй. Бид үүнээс суралцах нь чухал.
🗺️ Франц ч нөлөөтэй: Франц дэлхийн цөмийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч гэдэг утгаараа Казахстанд хөрөнгө оруулалт хийж, хамтарч, ураны олборлолтод in-situ leaching (ISL) технологийг нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулсан аж. Тэгэхээр тэд Казахстаны жишгээр бидэнд нөлөөлөх нь.
🤔 Бидний хувьд
Харж байгаачлан 2030 он гэхэд 5%-ийн жилийн дундаж өсөлтөөр $11.4 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа ураны зах зээл хэдийн хамаарал бүхий тоглогчидтой болжээ. 4 улсын олборлолт нийт нийлүүлэлтийн 79.2%-ийг бүрдүүлж байх жишээний. Энэ зах зээл дээр Монгол хөл тавих нь хамаарлыг бууруулах боломж. Харин манайх Orano Mining-н хөдөлгөх Зөөвч-Овоо ордоос жил бүр 2,500 тн уран экспортлохоор байгаа. Тэгэхээр бид Оросын дайтай тоглогч болно. Үүний хүрээнд,
💭 Үр дүн: Цөмийн эрчим хүчинд хэрэглэгдэх 68.9 мянган тн уран үйлдвэрлэснээр улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тн-оор бууруулж, Монголчуудад $5 орчим тэрбумын ашиг өгөх юм гэсэн. 2023 онд Францтай байгуулсан $1.7 тэрбумын гэрээний үеэр 2028 онд олборлолт явуулахаар төлөвлөж байсан. Тэгэхээр уг нь нохойн дуу ойр.
Эцэст нь… Монгол Улс нүүрс зэсээс бусад чухал ашигт малтмал, түүхий эдийн хайгуул, олборлолтод зайлшгүй анхаарах шаардлагатай байгаа. Юутай ч ураны төсөлд ахиц гарлаа. Одоо харин ураны эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, стратегийн түншлэлийг өргөжүүлэх, нэмж илүү олон уул уурхайн мега төслүүдийг хөдөлгөх хэрэгтэй байна.