АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Саудын Араб уул уурхайн салбарт ноёрхоно

 

Саудын Арабын Эр-Рияд хотод 1 сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан 4 дэх жилийн Future Minerals Forum (FMF)-д оролцчихоод ирлээ. Айлаас шохоорхсон зүйлүүдээ хуваалцъя. Цаад Арабчууд чинь жинхэнээсээ “Шинэ үе шинэ би” гэчихсэн явна. 

🎯 Бүхний анхаарлыг татав

Энэ жилийн форум 178 орны 20,000 гаруй оролцогч, 75 улсын засгийн газрын төлөөлөгчийг нэгтгэлээ. Анхны жил 32 орныг төлөөлж 3,500 хүн оролцож байсан гэхээр цар хүрээ нь хэдхэн жилд хэд дахин тэлж хэдийн дэлхийн ашигт малтмалын салбарын ирээдүйг тодорхойлох гол платформ болсон нь харагдана.

🤔 Юу хүсээд байна вэ? Саудын Арабын ашигт малтмалын нөөц 2016 онд $1.3 их наядаар үнэлэгдэж байсан бол 2024 онд 90% өсөж $2.5 их наядад хүрсэн нь тэдний уул уурхайн салбарын асар их боломж, эдийн засгийн шинэ эх үүсвэрийг харуулж буй. Газрын тосоос хэт хамааралтай тус улс үүнийгээ ашиглаж дараагийн түвшинд гаргах гээд байгаа хэрэг. 

👁️ Яаж вэ? Тэд бүх орц гарцыг нээж, хамаг хүний анхаарлыг татаж шүлсийг нь гоожуулах санал тавьж байна. Өнгөрсөн оны FMF-н үеэр нийт $182 саяар уул уурхайн хайгуулын урамшуулал олгож, 33 уул уурхайн лиценз олгосон. Ер нь бол Сауд манайд хайгуул хий хөгшөөн, жилийн 2.5%-4%-ийн хүүтэй зээл өгье, төсөлд ажиллах манай талын хүмүүсийн цалингийн тодорхой хувийг нь бид даая, санхүүжилтийнхээ 75%-ийг хөнгөлөлттэй зээлээр ав гэж байгаа юм.

🥹 Яагаад ийм уриалгахан байна вэ? Монгол хүн л хойно уул уурхайгаас АМНАТ-өө төл, манайд 34%-иа өг, зөвшөөрөл өгөхгүй гэсэн үгсийг сонсож ирсэн. Энд иртэл баруун солгойгүй урамшууллаар балбаж байгаа нь сонин байв. Учир нь тэд “Vision 2030”-нхаа түрүүнд эдийн засгийн олон талт бүтэц бий болгож, газрын тосны хамаарлаа бууруулахын тулд уул уурхайг хөгжүүлэхээр тусгасан. Үүний хүрээнд нүсэр арга хэмжээ, даацтай амлалт өгч байна. Уг нь манайд ч Алсын хараа 2050 гэж бий. 

Гол ялгаа нь эд чинь зорилгынхоо төлөө жинхэнээсээ хичээж, төрөл бүрээр үзэж тарж, зохиосон арга хэмжээ нь бодит үр дүн гаргаж байна. Манайх эсрэгээрээ том том юм биччихээд том төсөв тавьчхаад үр дүнгүй хэдэн юм зохиосон нэр аваад дуусдаг. Энд бол бүх зүйл үр дүнгээ өгч үсрэнгүй хөгжиж байна. Энэ байдлаараа 5 жилийн дараа Саудын Араб хол тасрах нь.

Атаархал дуусахгүй нь ээ… Арга хэмжээний үеэр нүдэн дээр Саудын Арабд 50 орчим том төслийн санал ирж, хэд хэдэн санамж бичиг зурагдлаа. Гэтэл бид энд ганц урагшилж байгаа газрын ховор элементийн төслөө морьтой жагсаад зогсоочихсон сууж байдаг. 😭

ШУУД ДАМЖУУЛАЛТ