Монгол Улс экспортоо төрөлжүүлнэ, уул уурхайгаас хамаарах хамаарлаа бууруулна гэж яриад олон жил болж байна. Гэхдээ бид уул уурхайн салбараа овойж оцойтол хөгжүүлчихсэн билүү?
⛽⛏️ Уул уурхайн зүгт
Дэлхий даяар зэс, лити, кобальт, никель зэргийн эрэлт эрчимтэй өсөж байгаа. 2025 оны зэсийн үйлдвэрлэл л гэхэд 70,000 тн-оор нэмэгдэж 1.4 сая тн-д, үнэ нь 2035 он гэхэд одоогийнхоос 33.3% өсөж $12 мянгад хүрэх нь. Иймд Саудын Араб чухал ашигт малтмалын талбарт том тоглогч болохын тулд “Future Minerials Forum”-г 4 дэх жилдээ зохион байгуулсан. Энэ жилийн хувьд л гэхэд Чилийн төрийн өмчит Codelco компани Саудын Арабтай хамтарсан хөрөнгө оруулалт хийх талаар хэлэлцэж буй.
📃 Зорилгодоо нийцүүлсэн арга хэмжээ: Зөвхөн газрын тосоор эдийн засгаа хөдөлгөдөг байсан Сауди уул уурхай руу зориг шулуудан ДНБ-д уул уурхайн эзлэх хувийг 3 дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан. Улмаар 2020 онд "Хууль эрх зүйн шинэчлэл" хийв. Харин манайх Хөрөнгө оруулалтын тухай хуульдаа шинэчлэл хийнэ гэж хэл ам болоод одоо мартсан.
💰 Жинхэнэ сан: Биднийг Үндэсний баялгийн сан гээд мунгинаж байх хойгуур Саудын Араб Public Investment Fund гэх төрийн хөрөнгө оруулалтын санг байгуулж үүгээрээ $925 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байна. Тэд FMF-н үеэр л гэхэд $100 тэрбумын үнэ бүхий ашигт малтмалын хөрөнгө оруулалтын шинэ төслийг зарласан билээ.
🤔 Бид яана вэ?
Манай геологи, хайгуулын ажлын үр дүн, үнэмшилтэй байдал "Дунд" буюу 59.7 оноогоор, олон нийтийн уул уурхайн үйл ажиллагаанд хандаж байгаа хандлага "Муу" буюу 47.4 оноогоор үнэлэгдэж байна. Ганц байгаа тулгуур нь уул уурхай байтал түүнийгээ хөгжүүлэх, шинэ ордыг хайж илрүүлэх, одоо байгаагаа дэмжих ажилд тун хойрго. Ядаж дахиад 1 зэсийн том ордыг нээж, цаасан дээр дэмжинэ гээд начир дээрээ зогсоосон ГХЭ-ийн төслөө урагшлуулах хэрэгтэй байна.
Эцэст нь… Саудын Араб бол уул уурхайн цахиурын хөндий болохоо зарлаж, 1 форумаар $28.5 тэрбумын үнийн дүн бүхий 126 санамж бичиг байгуулж, Хятадын титмээ тавьсан чухал ашигт малтмалын талбарт бүхнээ дэнчин тавьж зүтгэж байна. Харин бидэнд нөөц нь байгаа ч нүүрс зөөхөөс өөр бүтээл алга. Бид одоо л уул уурхайн салбараа дараагийн түвшинд гаргахгүй бол бүгд бидний урд гарч одлоо.