АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
Дональд Трампын эргэн ирэлт юуг дагуулах вэ?

 

Дональд Трамп Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, Америкийн хүч чадал, хөгжин цэцэглэлт, бахархал цоо шинээр сэргэсэн өдөр эхэлж буйг мэдэгдлээ. Хөрөнгийн зах ч харуулдан суусан эрхмээ хүлээн авахад бэлдэн, түүхэн дээд түвшинд хүрэх нь хүрч бүхэлдээ ногооров. 

🪓 Сүх далайтал үхэр амар

Дональд Трамп Ерөнхийлөгчөөр ажиллах эхний өдрөө цагаачдын эсрэг тэмцлийг эхлүүлж Америкийн хилийг чангатгах, Жо Байдены эрчим хүчний болон бусад бодлогуудыг задлах, Парисын гэрээнээс гарах, Канад, Мексикт ногдуулах худалдааны татвар, хөрсний зарчмаар иргэншил олгохыг зогсоох гэхчлэн 200 гаруй зарлиг, шийдвэр гаргах төлөвтэй байна

🚹🚺 Энэ дунд Америкт зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэсэн 2 хүйс л байна гэж тунхаглан зарлана гээд л байгаа.

🌠 Трампын мөрөөдлийн баг

Цаашлаад, Трампын хэрэгжүүлэх бодлогоос дутуугүй кабинетдаа хамтран ажиллахаар нэр дэвшүүлсэн хүмүүс нь хэл амны бай болж байна. Тэрбээр гүйцэтгэх засаглалын 15 сайд, хэд хэдэн элчин сайд нар болон FBI, CIA гэхчлэн бусад албан тушаалд нийт 39 хүмүүсийг нэр дэвшүүлснээс өнөөдөр Дэд Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Марко Рубиогийн санал хураалт болж буй.

✒️ Хүлээгдэж буй: Товчхондоо эдгээр нэр дэвшигчдийг Сенатын хуралдаанаар батлах бөгөөд дийлэнхийнх нь сонсгол Трампыг тангараг өргөсөн эхний 7 хоногт дуусна. Гэхдээ Сенатад Бүгд найрамдахчууд олонх буюу 53 суудалтай болсон тул тэдний ихэнх нь ногоон гэрлээр сонгогдох төлөвтэй байна.

✂️ Танаад өгье: Илон Маскийн хувьд алдагдал нь жил бүр түүхэн түвшингээ шинэчлэн тогтоож буй ЗГ-ын илүү дутуу зардлыг $2 их наяд буюу нийт зардлын 30%-ийг танах санал гаргаад буй. Энэ удаад түүний SpaceX, Tesla (TSLA)-г хүндхэн нөхцөлөөс гаргаж ашигт ажиллагаа руу оруулсан туршлага нь хэрэг болох нь уу яах нь. Харж л сууя.

Эцэст нь… Энэ мэдээг уншиж буй цаг мөчид Трампын эхний өдрөө хийх ажлууд хэдийнээ тодорхой болж түүний мэдэгдэж, зарлаж байснаас ч илүү цочирдом мэдээ гарах биз ээ. Түүний ажлын эхний өдөр хийх зүйлсийг хараад толгой тархи чинь маналзана аа л хэмээж байсан. Түүнчлэн TikTok-г эхний өдрөө буцаан сэргээж олон мянган инфлүнсэр, контент бүтээгчдэд бэлэг барьж магадгүй байгаа гээд сонгуулиас хойш түүний шийдвэрүүдийг гадаад дотоодгүй амьсгаа даран хүлээлээ дээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ