Монголчууд банктай төлбөр тооцоо, шилжүүлэг, хадгаламж, зээл авах байдлаар өдөр тутамдаа харьцдаг бол ББСБ-аар зөвхөн зээл авах гэж л үйлчлүүлдэг. Харин даатгал, хадгаламж зээлийн хоршоо, хөрөнгийн зах зээлийн үйлчилгээг төдийлөн сонирхохгүй байна. Яагаад?
📝 Уг судалгааг Үндэсний Статистикийн хорооноос гаргасан бөгөөд судалгаанд 500 иргэнээс санамсаргүй түүврийн аргаар банк, ББСБ, даатгал, хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ), хөрөнгийн зах зээлийн үйлчилгээний хүртээмж, ойлголт, санхүүгийн боловсролыг нь шинжилжээ.
🏦 Зан төлөв: Банк суурьтай
Судалгаанд хамрагдсан иргэдийн 99% нь банкны үйлчилгээг авдаг бол 35.8% нь ББСБ, 24.4% нь даатгал, 20% нь ломбард, 4.4% нь брокер, диллер, хөрөнгө оруулалтын сан (ХОС), 3.6% нь ХЗХ-ний үйлчилгээг авдаг буюу бусад төрлийн үйлчилгээг төдийлөн авдаггүй. Түүнчлэн эдгээр санхүүгийн байгууллагуудад итгэх итгэлийн хувьд ч банканд хамгийн их итгэдэг бол брокер, диллер, ХОС, ХЗХ-ны үйлчилгээнд хамгийн бага итгэдэг аж.
🎯 Өөр нэгэн сонирхолтой дата нь: Харж байгаачлан дийлэнх иргэдэд банк хамгийн итгэлтэй төдийгүй мэдээлэл нь ч ойлгомжтой ойр санагддаг. Нөгөө талд брокер, диллер, ХОС гэхчлэн хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар бага ойлголттой байдаг учраас төдийлөн итгэдэггүй байх нь.
ББСБ 🆚 Ломбард: Харин ББСБ-аар үйлчлүүлэгчдийн талаас илүү хувь нь хүссэн үедээ зээл авч чаддаг учраас тэднийг сонгодог. Энэ трэнд ломбард дээр ч харагдах бөгөөд анхаарал татах үзүүлэлт нь эмэгтэйчүүд хүү өндөртэй ломбардын үйлчилгээг эрэгтэйчүүдээс илүү буюу 9 нэгж хувиар илүү сонгон үйлчлүүлсэн явдал.
🤓 Санхүүгийн боловсрол
Үргэлжлүүлэн судалгаанд оролцогсдын санхүүгийн боловсрол руу өнгийхөд, бараг тал нь буюу 48.4% санхүүгийн боловсролтой гэж үнэлэгдсэн байна. Уг статистикийг 2010 онтой харьцуулахад санхүүгийн боловсролтой иргэдийн тоо 7.3 нэгж хувиар өссөн байгаа юм.
Эцэст нь… Уг судалгаанаас иргэдийн санхүүгийн үйлчилгээнд хамрагдалт банкнаас бусад байгууллагууд, тэр дундаа ҮЦК-иуд болон ХЗХ-ны хувьд эрс бага төдийгүй үйлчлүүлдэггүй хүмүүс ч төдийлөн сонирхохгүй нь харагдана. Мөн нийт судалгаанд хамрагдсан иргэдийн 95.6% нь брокер, дилер, ХОС-ын үйлчилгээг авдаггүй, сонирхдоггүй гэдгээс харахад дийлэнх монголчуудын хувьд хөрөнгийн зах зээл хэтэрхий алс хол санагддаг байх нь.