Одоогоор Монголд үйл ажиллагаа явуулж байгаа, олон улсын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй 23 уул уурхайн компани байгаа. Тэгвэл Монголд 2019 оноос хойш хайгуулын шатны төсөл хэрэгжүүлж байгаа Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Aranjin Resources (ARJN.V)-н тухайд нэг дуулгах юм байна.
🅰️ Төлөвлөгөө
Aranjin Resources нь Баянхонгор аймаг дахь "Баян-Өндөр" зэсийн төслийг эзэмшдэг. Түүнчлэн яг жилийн өмнө Австралийн зэсийн 3 төслийн 80%-ийг эзэмшдэг болсон билээ. Тэгвэл компани Лхагва гарагт санхүүжилт болон өр барагдуулах төлөвлөгөөгөө зарлаад байна. Үүний зорилго нь санхүүгийн байдлыг сайжруулж Монгол болон Өмнөд Австрали дахь төслүүдийг үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал.
💭 Яана гэнэ ээ? Aranjin Resources нэг бүр нь CA$0.08-ын үнэтэй 8,125,000 нэгжийг санал болгож нийт CA$650,000-ын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөжээ. Нэгжийн бүтэц нь 1 энгийн хувьцаа болон 1 хувьцаа худалдан авах эрхийн бичгийг агуулж буй. Өөрөөр хэлбэл тэд хөрөнгө оруулагчдад 24 сарын дотор 1 хувьцааг CA$0.105-оор худалдан авах боломжийг олгож байгаа хэрэг.
💰 Өрийн зохицуулалт: Түүнчлэн компани нийт CA$219,100-ын өрөө зохицуулахын тулд 2,738,750 энгийн хувьцааг нэг бүрийг нь CA$0.08-оор гаргахаар тохиролцсон байна. Үүний тулд TSX Venture биржийн зөвшөөрөл шаардлагатай бөгөөд гаргасан бүх үнэт цаас нь 4 сар 1 хоногийн хугацаанд арилжаалагдах боломжгүй байх нөхцөлтэй аж.
🇲🇳 $ARJN.V ба Монгол
Aranjin Resources-н төлөвлөгөө нэг талаас хайгуулын ажил эрчимжих дохиог өгч байна. Ингэснээр Монголын зэсийн нөөц нэмэгдэнэ. Нөгөө талаас хайгуулын шатандаа явж байгаа уул уурхайн компаниудад санхүүжилтийн асуудал маш хурц. Үүний 1 шийдэл болгож олон улсын бирж дээр нээлттэй болсон ч хувьцааны өгөөж нь дийлэнхдээ сөрөг байдаг билээ. Aranjin Resources санхүүжилт болон өрийн зохицуулалт хийж байгаа нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах чухал арга болж байна.
Монголын уул уурхайн компаниуд үүнээс суралцан гадаад болон дотоодын хөрөнгө оруулалт татахдаа илүү нарийн төлөвлөгөөтэй, итгэл төрүүлэхүйц арга барилаар хандаж, өрийг удирдах уян хатан байдлыг суралцах хэрэгтэй байна даа.