Гадаадад аялж явахдаа гудамжаар гүйлдэх хүүхдүүд цөөрч байгааг анзаарч байна уу? 50 хүрэхгүй жилийн дараа дэлхийн ихэнх орнуудад хүүхэд гүйлдэх, уйлах чимээ бүр ч багасна гээд бод доо.
👴 Азиуд ч хөгширч байна!
Европын орнуудын хүн амын хөгшрөлтөөрөө дэлхийд тэргүүлж “Хөгшин Европ” гэгддэг байсан бол араас нь Азийн орнууд хүчтэй хөгширч байна даа. Энэ эрчээрээ явбал, 2100 он гэхэд Өмнөд Солонгосын хүн ам 2 дахин буурч 25 сая орчимд, Японых мөн адил 2 дахин буурч 62.7 саяд хүрэх тооцоолол гараад буй.
🔕 Эдийн засгийн ид шид дууссан: Японы эдийн засаг 30 жилийн турш зогсонги байдалд орж, хүн амынх нь 29%-ийг 65-аас дээш насныхан эзэлж байхад 0-14 насныхны эзлэх хувь ердөө 12%. Цаашлаад, төрөлт буурсаар 2024 онд шинэ түүхэн доод түвшин тогтоох ч магадлалтай болжээ.
🤏 Ажиллах хүч татарсаар: Мөн Японы хамгийн залуу ажиллах хүчний нас болох 20-24 насныхны тоо сүүлийн 30 жилд 36% буурсан байгаа юм. Нөхцөл байдал энэ чигээрээ үргэлжилбэл тус улс 11 сая ажилчдын хомсдолтой тулгарах нь өнөө маргаашийн л асуудал болж буй.
👶 Шинэ үеийн арга барил
Улмаар Япон компаниуд Z үеийн шинэ төгсөгч нарыг татахдаа сургалтын төлбөрийн зээлийг нь төлөх, орон сууцны зээл авахад туслах байдлаар татах бодлого хэрэгжүүлж эхэлсэн байна.
Угаас тус улсад их сургуульдаа сурч буй оюутнуудад ажлын санал хар мянгаараа ирэх нь түгээмэл төдийгүй энэ 3-р сард төгсөх оюутнуудын 40% нь ямар нэгэн байдлаар бүтэн цагийн ажлын санал авч дээд амжилт эвдэв.
🏢 Ажилд орвол байртай!
Япон төдийгүй ихэнх оронд залуус байр авах хэцүү болсон энэ цагт компаниуд үүнийг HR давуу тал болгон ашиглаж байгаа. Жишээлбэл, Японы хамгийн том даатгалын компанийн нэг болох Nippon Life 2023 онд эрэгтэй ажилчдадаа зориулан 200 өрөөтэй барилга барьж, түрээснийх нь ⅓-ээс ч бага хувийг төлөх боломж олгожээ. Харин эмэгтэй ажилчдаа хөнгөлөлттэй орон сууцаар хангадаг. Амьдрах байр нь ажилчдад өглөө, өдөр, оройн хоол, кафе, саун зэрэг бусад урамшуулалтай гээд л бод.
Цаашлаад, Tokyo Energy & Systems ажилчдынхаа оюутны зээлд сард $127 олгодог бөгөөд дээд талдаа $22,800-ыг авах боломжтой.
Манайд ч төрөлт буурсаар л байгаа. Өнгөрсөн оны хагас жилд төрсөн хүүхдийн тоо жилийн өмнөхөөсөө 12.6% буурч 28.8 мянга болсон. Хүн ам цөөтэй улсад төрөлт багасах нь 20 жилийн дотор эдийн засаг элгээрээ эвхрэх эрсдэлийг ч авчрах эрсдэлтэй. Гэхдээ ийм эдийн засагтай үед залуус хүүхэд төрүүлэхийг хүсэхгүй байгааг нь буруутгах ч аргагүй юм даа.