Хөгжлийн банк энэ онд ₮2 их наядаар төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхийн сацуу 2030 он хүртэлх стратегиа шинэчилж 2030 он гэхэд ДНБ-ий 12.8%-ийг бүрдүүлэх зорилт тавиад байна.
💡 Гол 5 чиглэл
2023 онд Хөгжлийн банк ДНБ-ий 3.5%-ийг эзэлж байсан гэхээр 5 жилийн дотор нийт активын хэмжээгээ $7 тэрбумаар өсгөнө гэсэн үг. Улмаар шинэчилсэн стратегидаа хариуцлагатай засаглал, мэргэжлийн удирдлага, ногоон санхүүжилт, инновац, дижитал шилжилтийг дэмжих гэхчлэн 5 зорилтуудыг дэвшүүлжээ. Ингэхдээ хамгийн түрүүлж юу хийх вэ гэхээр,
1️⃣ Балансаа цэвэрлэх
Хөгжлийн банк 2024 оныг ₮2.4 их наядын актив хөрөнгөтэй, 33 зээлдэгчийн ₮2.3 их наядын зээлийн үлдэгдэлтэй үдсэн. Харин чанаргүй зээлийн үлдэгдэл нь ₮1.7 их наяд буюу нийт зээлийн багцын 57.5%-ийг бүрдүүлж буй.
Цаашид тэдэнд өөрийн хөрөнгийн зөрүүг нөхөхөд ₮700 тэрбум шаардлагатай байгаа бөгөөд нэн тэргүүнд төрийн хамаарал бүхий зээлүүдийг төлүүлэх, баланс шилжүүлэх арга хэмжээг авах аж.
2️⃣ Санхүүжилтээ олгож эхэлнэ
Хөгжлийн банк 2011 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш ₮7.6 их наядын зээл олгож, нийт 15 төслийг санхүүжүүлсэн байдаг. Үүний 13 нь хэрэгжиж дууссан бол газрын тос боловсруулах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станцын төсөл тус тус хэрэгжиж байгаа. Өнгөрсөн хугацаанд улс төртэй холилдсон зээлийн асуудлаас болж зээл олгох, төсөл хөтөлбөр санхүүжүүлэх гэхчлэн үндсэн үүргээ хэрэгжүүлж чадалгүй зогсонги байдалтай байгаа.
Улмаар эрх зүйн шинэчлэл хийж холбогдох хуулиа энэ онд шинэчлэн батлуулах, цаашлаад олон улсын зах зээлээс $500 саяын санхүүжилт татахаар судалж байгаа аж. Эрх зүйн шинэчлэлийн хувьд Хөгжлийн банкийг экспорт, импортын чиглэлийн төслийг санхүүжүүлэх эксим банк болох, ханшийн зөрүүнээс үүссэн зээлийн дарамтыг зардал багатайгаар зохицуулах журмыг тусгах гэнэ.
Эцэст нь… Хөгжлийн банкны сонсголоос хойш зээлийн эргэн төлөлт эрчимжсэн ч чанаргүй зээлийн хэмжээ дорвитой буураагүй. Дээрээс нь одоог болтол төрийн оролцоотой компаниудын зээл тус банканд дараа болсоор байна. Хөгжлийн банк актив хөрөнгөө нэмэгдүүлснээр илүү олон төсөл, хөтөлбөрийг цаг алдалгүй хөдөлгөх боломж бүрдэх учраас намуудын нөлөөллөөс ангид болгох, эрх зүйн шинэчлэл хийж үйл ажиллагааг нь хэвийн горим оруулах нь нэн чухал. Гол нь үр дүн чухал.