ЗГ-ын үйл ажиллагааны зураглалын дагуу 2025 оноос Монголын их бүтээн байгуулалтын жил эхэлж буй. Үүний сацуу энэ хаврын УИХ-ын чуулганаар татвар, нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгыг хэлэлцэх буюу татварын ачааллыг бууруулах хүлээлттэй байна.
💪 Том гэрээ, хэлцлүүд
Цаашлаад, 2024 оны төгсгөлд ЗГ Францын Orani Mining-тэй уран олборлох $1.6 тэрбумын урьдчилсан гэрээг байгуулаад авсан. Харин энэ онд тус гэрээг эцэслэн батлах хүлээлт үүсэж байгаа бөгөөд амжилттай болбол Монголд эхний ээлжид $500 сая, 2027 он хүртэл шат дараатайгаар $1.5 тэрбумын хөрөнгө оруулалт орж ирэх юм. Үр дүнд нь 2028 онд Монгол Улс Зөөв-Овоо ордоос анхны уранаа олборлож эхлэх юм.
Мөн түр хойшлуулаад байгаа Евроазийн эдийн засгийн холбооны орнуудтай байгуулах чөлөөт худалдааны түр хэлэлцээр (ЧХХ) ч энэ оны чухал сэдвүүдийн нэг.
⛏️ Уул уурхайн төслүүд: Том хүлээлт
2025 онд TMK Energy (TMK.AX)-н нүүрсний давхаргын метаны хийн Гурвантэс XXXV, Эрдэнэ Ресурс Девелопмент (ERD.TO)-н Баянхөндийн алтны төслүүд олборлолтоо эхлүүлэх төлөвтэй байгаа. Баянхөндийн алтны төслийн хувьд бүтээн байгуулалт энэ I улиралд дуусгаж, олборлолтоо ч мөн эхлүүлэхээр төлөвлөсөн аж.
🤓 Эдийн засаг & Хөрөнгийн зах зээлд
Нөгөө талд эдийн засгийн бүхий л үзүүлэлтийг атгаж байдаг нүүрсний үнэ гадаад зах зээлд унах төлөв ажиглагдаж байгаа. Муугаар тооцож энэ онд нүүрсний үнэ уналаа гэхэд үүнийг зэсийн орлого нөхөх боломжтой гэгдэж буй.
Гэсэн ч олборлолтоо эхлүүлэхээр хүлээгдэж буй уул уурхайн төслүүд, цаашлаад боомтуудын хүчин чадал нэмэгдэж байгаа болон Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг бүрэн ашиглалтад оруулах гэхчлэн логистикийн холболтуудаа төлөвлөсөн хугацаанд нь хийгээд явбал түүхий эдийн гарц нэмэгдэж, хүлээгдэж буй хямралыг зөөлрүүлэх магадлалтай.
Харин хөрөнгийн зах зээлд 2025 онд “Short” арилжаа болон хадгаламжийн сертификат нэвтрэх төлөвтэй байгаа. “Short” арилжаа хийдэг болсноор хөрөнгө оруулагчид үнэт цаасны үнэ унах үед ч ашиг олох, дотоодын төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоо нэмэгдэх зэрэг олон давуу байдал үүсэх юм.
Эцэст нь… 2025 төдийгүй ирэх 3 жилд өнөө 14 мега төслүүдийг юунаас ч дутахгүй анхаарч байх ТОП асуудал. Эдгээр төслүүдийн ихэнхийг ирэх 3 жилд багтаан хийж амжихгүй нь тодорхой ч юу юунаас илүүтэй суурийг нь тавьж, царцааж хөлдөөчихгүй явуулж байх нь чухал даа.