Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Шинэ оны шинэ хуулиуд

 

2025 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин, зэвсэгт хүчин, хилийн цэргийн онцгой нэмэгдлийг нэмэгдүүлэх гэхчлэн олон нэмэгдэлтэй жил эхэлж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор энэ удаагийн нийтлэлийг Nomadix Business Law Firm-тай хамтран хүргэж байна. 

🔺 Нэмээд^2 явна

Эрх баригчид сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх амлалтаа харин ч нэг марталгүйгээр тэтгэврийн хэмжээг 6%, одонтой ээжүүдэд олгох тэтгэмжийг 2 дахин, төрийн албан хаагчдын цалинг 6%, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20% тус тус нэмээд буй. Ингэснээр,

🆕 Жил бүрийн 1 сарын 1-нээс эхлэн тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулж нэмэхээр хуульчилсан билээ. Угтаа тус хууль нь тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхдээ бус тэтгэврийн даатгалын сан (ТДС)-г шинэчилж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бий болгоход чиглэсэн цогц бодлогын өчүүхэн хэсэг. Даанч шинэчлэлээсээ нэмэгдэл нь урьтаад байгаа нь харамсалтай. 

😣 Нурууг нь хугалах вий: Улмаар тэтгэврийн хэмжээг 6%-иар нэмэгдүүлэхийн тулд НДС-д ₮297.4 тэрбумыг төсөвлөсөн байдаг. Гэтэл ТДС хэдийнээ НДС-гийн зарлагын 80%-иас дээш дүнг эзэрхэж, төсвөөс тэнцвэржүүлж амьтай голтой байлгадаг гэхээр тус сангийн хямрал улам л гүнзгийрэх эрсдэл үүсэж байна.

💸 Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэхэд ирэх 4 сарын 1-нээс цагт ₮4,715 буюу сард ₮792,000 болж түүхэндээ анх удаа 3 жил дараалан өсгөөд байгаа. Тус шийдвэрийн эерэг болон сөрөг нөлөөг ЭНД дарж уншаарай.

🔑 Чухал хуулиуд

🐑 Малчны тухай хууль

2024 онд батлагдан одоо мөрдөгдөж байгаа Малчны тухай хуулийн 12-р бүлэг буюу Малчинд үзүүлэх санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой зохицуулалт 5 хоногийн өмнө хэрэгжих болов. Гол зорилго нь малчдад арилжааны банкаар дамжуулан хөнгөлөлттэй болон нэн хөнгөлөлттэй зээл олгох нөхцөл бүрдэх юм. 

Ахмад настны тухай хууль

Үргэлжлүүлээд, Ахмад настны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтүүд хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ямар өөрчлөлт хэрэгжиж эхэлснийг харвал, 

Төрөөс ахмад настанд үзүүлэх үйлчилгээний төрлийн нэмэгдүүлсэн, 

Ахмад настны амжиргааг дэмжих буюу эрүүл мэндийн тусгай хэрэгсэл худалдан авахад хөнгөлөлт үзүүлэх, түлш худалдан авах эрхийн бичиг олгох, нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зэрэг зохицуулалтыг хуульчилсан,

Ахмад настны хөдөлмөрийг дэмжихээр 65 насанд хүрээгүй ахмад настныг тэтгэвэрт гарахыг шаардахыг хориглосон, 

Жил бүрийн 10 сарын 1-7 өдрүүдэд ахмад настнаа хүндлэх, туршлагыг нь залуу үед хүргэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах,

Ахмад настанд зориулсан үйлчилгээг өргөжүүлсэнтэй холбогдуулан гарах санхүүжилтийн эх үүсвэрийг хуульчилсан байна. 

Тус хуулийн хамгийн гол хэсэг нь ахмад настны тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, захиран зарцуулах эрхэд халдсан бол 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, цаашлаад 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх тухай эрүүгийн зохицуулалт мөн энэ сараас эхлэн хэрэгжиж буй явдал. 

Монгол хэлний тухай хууль

Цаашлаад, 2025 оны хуулиуд дунд Монгол хэлний тухай хуулийн дагуу албан хэргийг хос бичгээр хөтлөх зохицуулалт ч багтажээ. Гол нь бодитоор хэрэгжих хугацаа тодорхойгүй буюу 2025 оноос эхлэн төрийн байгууллагууд үндэсний бичгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх ба түүний дараа хос бичгийг хэрэглэх үүрэг үүсэж буй. 

2024 онд батлагдсан Органик бүтээгдэхүүний тухай хууль 

2016 онд батлагдсан Органик хүнсний тухай хуультай харьцуулахад шинэ хуулиар органик үйлдвэрлэл эрхлэгчдийг төрөөс мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр дэмжих зохицуулалтыг шинээр оруулсан. Тус хуулийн ерөнхий агуулгыг харвал, 

Органик үйлдвэрлэл, органик бүтээгдэхүүн, органик үйлдвэрлэл эрхлэгч, холбогдох бусад үг, хэллэгүүдийн тодорхойлолт,

Органик үйлдвэрлэл эрхлэгчид тавигдах шаардлага, эрх, үүрэг, хориглох зүйлс,

Органик бүтээгдэхүүний баталгаажуулалт, бүртгэл, мэдээллийн сан, шошго,

Органик бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид үзүүлэх дэмжлэг, урамшуулал зэргийг тодорхойлоод буй. 

Эцэст нь… Энэ оноос хэрэгжиж эхлэх хууль болон зохицуулалтыг танилцуулж дууслаа. Өнөө ТДС-гийн шинэчлэл яасан бэ? Өдгөө тэтгэвэр авч буй хүмүүс НДШ төлж буй хүмүүсээс их байгаа асуудал, НДШ төлөгсдийн шимтгэлийг шууд тэтгэвэр байдлаар зарлагаддаг асуудлаа тогтолцоогоор нь шийдэх яасан бэ? 

ШУУД ДАМЖУУЛАЛТ