Арилжаа нээлттэй 09:30 - 15:00
Кожи Курушима: KDDI Мобикомоор дамжуулан Монголд $1 тэрбум гаруй хөрөнгө оруулалт хийсэн

 

Бид гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар салбар, салбарын төлөөллийг оролцуулж өнөөгийн хууль эрх зүйн орчинд тулгарч буй асуудал цаашдын боломжийг хэлэлцэх зорилгоор цуврал ярилцлага эхлүүлж байгаа билээ. Энэ удаад Мобиком Корпораци ХХК-ийн Гүйцэтгэх захирал Кожи Курушиматай үүрэн холбооны салбар дахь хөрөнгө оруулалтын боломж, асуудлын талаар сонирхолтой ярилцлага өрнүүллээ. 

Монголын харилцаа холбооны салбарын гол хөрөнгө оруулалт татагч хэсэг бол үүрэн холбооны оператор компаниуд. Оператор компаниудын хувьд хөрөнгө оруулалт татах боломж болон хэрэгцээ хэр байдаг вэ? 

Та бүхний мэдэж байгаачлан Мобиком Корпораци ХХК бол Японы хөрөнгө оруулалттай компани. Хүмүүс төдийлөн сайн санахгүй байж магадгүй ч Юнител болон Скайтел ч эхэндээ Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалттай компани байсан. Үүрэн холбооны компаниудын хувьд дэд бүтэц рүү чиглэсэн гаднын хөрөнгө оруулалт түгээмэл байдаг. Өнгөрсөн хугацаанд Монголын үүрэн холбооны компаниуд дотоодын зах зээлээ сайн тэлж чадсан. Харин гаднаас хөрөнгө оруулалт татах тухайд Монголд төдийгүй дэлхийн харилцаа холбооны зах зээлд тус чиглэлийн компаниудад хөрөнгө оруулах нь үнэтэй тусдаг. Учир нь дэд бүтцээ барьж байгуулах, угсрахад асар их хөрөнгө оруулалт шаардагддаг онцлогтой бизнес юм. 

Одоогоор дотоодын үүрэн холбооны компаниудад гаднаас нэмэлт хөрөнгө оруулалт татах яаралтай хэрэгцээ байхгүй ч хүн амын болон эдийн засгийн өсөлтөө харвал хөрөнгө оруулалт татах боломж бий. Ингэхдээ дэд бүтцээс цаад буюу апп, түүнтэй холбогдох үйлчилгээ, платформ гэх чиглэлд хөрөнгө оруулалтын асар их боломж бий гэж харж болно.

Тэгвэл гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Монголын үүрэн холбооны компаниудад хөрөнгө оруулах сонирхол байгаа юу? Хөрөнгө оруулагчдын хувьд бид юу санал болгож, юугаараа онцгойрч чадах вэ?

Сонирхолгүй гэж хэлэхгүй. Учир нь Мобиком гэхэд салбартаа үйл ажиллагаа явуулаад 30 гаруй жил, бусад компаниуд 20 гаруй жилийг ардаа үдсэн байна. Эдгээр компаниуд хэдийнээ дэд бүтэц буюу хамгийн их хөрөнгө оруулалт шаардагдах хэсгээ босгочихсон. Энэ утгаараа компаниудын үнэлгээ улам өндөр болсон буюу компанийн хувьцааг худалдаж авахад илүү үнэтэй болсон байж магадгүй. Гол нь тухайн хөрөнгө оруулагч Монгол руу зах зээлээ тэлэх хүсэлтэй байгаа юу, үгүй юу л гэдэг нь л гол асуулт. 

Монголын хууль, эрх зүйн зохицуулалтын орчин хөрөнгө оруулагчдад, тэр дундаа харилцаа холбооны салбарт хэр ээлтэй вэ?

Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин салбар бүрд өөр өөрөөр тусаж магадгүй учраас өөрийн салбарын жишээг хуваалцъя. Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулахын тулд компаниуд лиценз авдаг буюу лицензээр зохицуулагдаж байдаг. Тухайлбал, үүрэн холбооны зах зээлд нэвтрэх эрх эсэх нь лицензээр хязгаарласан байдаг. Лицензээр зохицуулагдаж байдаг салбар учраас шинэ тоглогч нэвтрэхэд хүндрэлтэй. Үүнийгээ дагаад гаднаас хөрөнгө оруулахад ч хүндрэлтэй байж болзошгүй. 

Цаашлаад төрийн тогтвортой бодлого, ялангуяа эдийн засгийн тогтвортой байдал, урт хугацааны төлөвлөлт, хууль эрх зүйн ил тод байдал нь хөрөнгө оруулагчдыг үргээх нөхцөл байдлыг үүсгэх эрсдэлтэй.

Тодорхойгүй байдал гэдэгт Монголд хөрөнгө оруулсан бизнес эрхлэгчид маргааш юу болох нь тодорхойгүй, ирээдүйд юу тохиолдож болохыг таамаглахад хэцүү байвал хөрөнгө оруулагчид эрсдэлээ тооцох боломжгүй. 

Ийм нөхцөлд хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байх нь тодорхой. Гол нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газрын алсын хараагаа тодорхой болгох нь чухал.

Мобиком Корпораци ХХК Монголд гадаадын хөрөнгө оруулалттай амжилттай хэрэгжиж буй төслүүдийн томоохон жишээ. KDDI Монголын зах зээлд үйл ажиллагаа явуулснаас хойш хэр хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан талаар яриагаа үргэлжлүүлье.

KDDI Мобикомын жижиг хувьцаа эзэмшигч байж байгаад 2012 онд охин компаниа болгон үйл ажиллагаа явуулах болсон. Түүнээс хойш сүлжээний өргөтгөл буюу дэд бүтцийн чиглэлд $300 гаруй саяын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. 

Харин KDDI-г Монголын зах зээлд нэвтэрснээс хойш гээд харвал $1 тэрбум гаруй хөрөнгө оруулалт хийгээд буй. 

Дан ганц мөнгөн хөрөнгө оруулалтаас гадна KDDI Мобикомоор дамжуулан технологийн салбарт дэлхийд тэргүүлж буй Япон Улсын ноу-хауг  Монгол Улсад 4G, 5G зэрэг дэвшилтэт технологийг нэвтрүүлэх арга, туршлагыг ч хуваалцаж ирсэн билээ. Нэмж дурдахад, бид солилцооны хөтөлбөрөөрөө дамжуулан ажилтнуудаа KDDI-д ажиллаж дэлхийн хэмжээнд практик туршлага хуримтлуулах, эргээд Монголд үүнийгээ нутагшуулах чиглэлд ч анхаарч ажилладаг. Товчхондоо мөнгөн хөрөнгөөс гадна инновац, хүний нөөцийн хөрөнгө оруулалтыг ч хийж буй. 

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар цахим үндэстэн болох санаачилга гаргаж үүнийгээ эрчимтэй хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд төрөөс харилцаа холбооны компаниудад хэр дэмжлэг үзүүлдэг вэ?

Монгол Улсын Засгийн газар дижитал хөгжлийг нэн тэргүүнд тавьж, иргэдэд төрийн үйлчилгээг гар утаснаасаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх болсон. Харилцаа холбооны сүлжээний хөрөнгө оруулалтыг хэн хамгийн их хийж байгаа вэ гэвэл, хувийн хэвшлийнхэн хамгийн том хөрөнгө оруулагч нь. Төрийн дэмжлэгийн хувьд "Олон улсын үйлчилгээний сан" гэж байдаг бөгөөд тус сан нь харилцаа холбооны дэд бүтэц, үйлчилгээ сул хөгжсөн газар нутагт чиглэсэн байдаг юм. Энэ ч утгаараа ЗГ манай салбарынхантай хэрхэн хоршиж ажиллах боломжийг эрэлхийлж санал солилцоод явдаг.

Харин одоо Мобиком Корпораци ХХК-ийн өнгөрсөн дэх амжилт болон цаашдын зорилгын талаар ярилцъя. 

Мобиком Корпораци ХХК 1995 онд үүсгэн байгуулагдаж, анх 2G буюу дуут үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж байв. Бид 10 гаруй жилийн турш дотоодын зах зээл дэх цорын ганц оператор байсан. Улмаар 2005-2006 онд үүрэн холбооны салбарт өрсөлдөгчид маань гарч ирсэнээр бид дэд бүтэц, сүлжээний холболтоо сайжруулахад төвлөрч ажиллах болсон. Цаашлаад, Монголд 3G-г нэвтрүүлснээр хэрэглэгчид гар утаснаасаа интернэт нэвтрэх боломжтой болж, 2016 он гэхэд 4G нэвтэрч илүү хурдан интернэт ашиглах болов. Өдгөө бид сүлжээний тасалдалгүй байдал, сайжруулалтаа хийхийн сацуу ААН рүү чиглэсэн үйлчилгээгээ өргөжүүлэн ажиллаж байна.

Цаашдаа Мобиком нь сүлжээний хамрах хүрээг, ялангуяа алслагдсан бүс нутгуудад үргэлжлүүлэн өргөжүүлэхээр зорьж буй. Мэдээж Монгол Улсад харилцаа холбооны сүлжээ холболт мэдэгдэхүйц өссөн ч зарим бүс нутагт эрэлт өндөр хэвээр байгаа. Мөн хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй интернэтийн хэрэгцээг хангахын тулд сүлжээний хүчин чадлаа нэмэгдүүлэх нь зайлшгүй асуудал.

Ойрын ирээдүйд Мобиком Корпораци ХХК зах зээлээ гадагш тэлэх төлөвлөгөө байгаа юу? 

Бид Төв Ази руу тэлэх боломжийг судалж байгаа бөгөөд 2 орны зах зээлийн ижил төстэй байдал, тэр дундаа соёлын нийтлэг талаас гадна тус бүс нутагт орос хэлийг өргөн ашигладаг зэрэг харилцаа холбоог хөнгөвчлөх олон боломжийг харж байгаа. Гэсэн хэдий ч бид олон улсын хэмжээнд зах зээлээ өргөжүүлэх эсэх нь толгой компани болох KDDI-н стратегиас хамаарах, цаашлаад зөвшөөрөл авах хэрэгтэй тул үүн дээр тодорхой хугацаа хэлэх боломжгүй юм.

Цаг гарган сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд баярлалаа.

Баярлалаа. Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.

ШУУД ДАМЖУУЛАЛТ