🗺️ Технологи + ББСБ
2023 онд технологийн салбарынхан гадагш эрчтэй тэлж байсан бол энэ онд технологийнхны хажуугаар ББСБ, үйлдвэрлэгчид ч зах зээлээ гадагш тэллээ. Тухайлбал, Инвескор ББСБ (INV) Казакстанд салбараа нээж Төв Ази дахь салбараа нэгээр нэмсэн юм. Харин Монгол Базальт (MBW) Узбекистан Групптэй хамтран Узбекистанд дэлхийд ховор, Төв Азид анхдагч Базальт технологийн хамтарсан үйлдвэр байгуулах гэрээг үзэглэж эхний шатанд тус үйлдвэрийг $30 саяын хөрөнгө оруулалтаар барьж буй.
Цаашлаад, Узбекистаны зах зээлд MCS Групп ч цахим худалдааны төслөө, Монос Хүнс ХК (MFC) Киргизстанд Монос Косметик ХХК-ийнхаа эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнээ худалдаалж эхэлсэн юм.
🤖 2023 оны аваргуудаар сонин юу байв? Технологийнхон дундаас And Global энэ жил 2 ч бизнесээ гадагш тэлэх хамтын ажиллагааны гэрээг үзэглэсэн. Улмаар тэдний охин компани And Solutions Тайланд руу AI суурьтай программ хангамж “mindox”-оо экспортлохоор болж, Филиппиний зах зээлийг дайлаар мордохоор AND Financing Corporation-д Японы 2 том групп хөрөнгө оруулсан.
🖼️ Том зургаар нь харвал And Global-н алсын хараа Зүүн өмнөд Ази руу чиглэж тус зах зээлд алхам алхмаар тэлсээр л байгаа. Тус компани 2024 онд өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж, тогтвортой гадагш тэлсээр.
Гэснээс MEF-н үеэр Монголд анх удаа Startup World Cup-н Төв Азийн бүсийн аваргуудыг тодруулах уралдаан зохион байгуулагдаж, ONDO Space III байранд шалгарсныг дурдахгүй орхивол алдас болох нь байна.
💥 Банк + Уул уурхай
Системийн нөлөө бүхий 5 банкны санхүүгийн үзүүлэлт 2024 онд улирал ахих тусам сайжирсаар өнгөрсөн III улирлыг бүгд ногоон үзүүлэлттэй өндөрлүүлсэн билээ. Банкны салбар энэ онд ногоон санхүүжилтээ нэмэгдүүлэхийн сацуу салбартаа харьцангуй шинэд тооцогдох ногоон, нийгмийн бондуудыг дотоодын болон гадаадын хөрөнгийн биржид гаргасан ажилттай үдэж байна. Үүн дээр нэмээд анх удаа ААН-ийн төлөөлөл болж TML Plastics ногоон бонд гаргасан нь 2024 оны бизнесийн салбарын онцлох мэдээ байв.
Харин уул уурхайн салбарт нүүрсний давхаргын метан хийн “Гурвантэс XXXV” төсөл, Баянхөндийн алтны төсөл, зэс-алтны Хармагтай төслүүд нэлээн ахицтай урагшилж, эхнээсээ ирэх жилээс үйлдвэрлэл рүүгээ шилжих чихэнд чимэгтэй мэдээ дуулгаж буй.