Гадаад өр өнгөрсөн жилийн мөн үеэс 7.2% өсөж $35.6 тэрбумд хүрээдэх лээ. Өр л нэмэгдээд байх юм гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт яав, ийв?
🏃🏃➡️ Хөрөнгө оруулагч улс солигдсон!
Он гарснаас хойш эхний 9 сард Монгол руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) 26% өсөж $2.9 тэрбумд хүрээд буй. Хөрөнгө оруулагч орнуудын динамикийн хувьд, 2020 болон 2021 онд Канад нийт ГШХО-ын 50% гаруйг эзэлдэг байсан бол 2022 онд Нидерланд 66.2%, 2023 онд 38.3%, харин энэ оны III улирлын байдлаар 46.6%-ийг бүрдүүлэх болов. Канад болон Нидерландын хөрөнгө оруулалт татарч байх зуур Их Британи, Сингапурын хөрөнгө оруулалт өнгөрсөн оны багцад мэдэгдэхүйц томорсон.
☝️ Хамгийн сонирхолтой нь 2024 оны I улиралд бусад гэх ангилалд багтдаг орнуудын ГШХО нийт дүнгийн 96.7%-ийг эзэлсэн явдал. Ямар, ямар орнууд байсан гэдэг нь сонирхолтой.
⛏️ Аль салбар руу? Монголд уул уурхайгаас өөр хөрөнгө оруулалт татдаг салбар байхгүй гэдгийг тус салбар тогтмол нийт ГШХО-ын 80% гаруйг, зарим онуудад 90%-ийг ч бүрдүүлж байснаас харагдана.
🔎 Өр үү, хөрөнгө оруулалт уу? Зөвхөн III улиралд л гэхэд ГШХО-ын орох урсгал $830 сая байсан бол гарах урсгал нь $289 сая байв. Ингэснээр цэвэр дүнгээр $541 саяын ГШХО л орж ирсэн гэсэн үг. Учир нь том зургаараа ГШХО-ын үлдэгдлийн 51% буюу $16.7 сая нь зээлийн эх үүсвэр, 49%-ийг хувь нийлүүлсэн хөрөнгө оруулалт бүрдүүлж байгаа.
Төв Азийнхан анхаарлын төвд
Казакстан 2029 он гэхэд $150 тэрбумын ГШХО татах бадрангуй зорилттой. Ингэхдээ технологи, сэргээгдэх эрчим хүчний салбар руугаа ихээхэн хөрөнгө оруулалт татахаар төлөвлөжээ. Өнгөрсөн жилд л гэхэд тус улсад гадаадын хөрөнгө оруулалттай төслийн тоо өмнөх жилээсээ 132% өсөж 65 болсон байна. Энэ дунд $1 тэрбумаас дээш хөрөнгө оруулалттай 3 төсөл байгаа бөгөөд гол хөрөнгө оруулагчид нь Герман, Хятад.
Цаашилбал, 2019-2023 онд гаднын хөрөнгө оруулалттай 185 төслөөр нийт $26 тэрбумыг татаад буй. Тус улс нь геополитик төдийгүй газарзүйн байршил, ашигт малтмалаас ихээхэн хамааралтай байдал гэхчлэн Монголтой хамгийн ойр жишээ. Айлын хүүхэд гэсэн шиг атаархтал өөрчлөгдөж байгаа даа.
Эцэст нь… Харин бид бол хууль, эрх зүйн орчноороо хөрөнгө оруулагчдыг орж ирэхээс нь өмнө цаашлаад нэг удаа хөрөнгө оруулаад л “Дахиж л Монголд хөрөнгө оруулахгүй юм шүү” гээд хашраагаад үддэг. Бусад нь болгоод байхад бид л болдоггүй нь юм байна.