Он гарснаас хойш Азийн Хөгжлийн Банк (АХБ) болон Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ) Монголын компаниудад нийлбэр дүнгээр $230.7 саяын хөрөнгө оруулжээ. Энэ нь Монголын энэ оны ДНБ-ний 2.13%-тай тэнцэх дүн юм.
👀 Хэн хэн байна?
Тус 2 банк ХААН Банк (KHAN)-ны Монголын анхны $-ын Ногоон бондыг $25 саяар авч, АПУ (APU)-ийн АПУ Дэйри ХХК-ийн шинэ үйлдвэрийн бүтээн байгуулалтад $40 сая, ХасБанк (XAC) байгальд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжихэд $50 сая, харин ногоон бизнесийг дэмжихэд нь $25 саяар тус тус санхүүжүүлжээ. Тэдний хөрөнгө оруулалтыг салган харвал,
ЕСБХБ MCS Coca-Cola-д тогтвортой хөгжлийг дэмжсэн бүтээн байгуулалтууд хийхэд нь $51.6 сая болон “Шунхлай Холдинг” ХХК тогтвортой төв оффис шинэчлэн барихад нь $26.08 саяар,
АХБ Орчлон Олон Улсын Сургуульд ногоон кампусыг өргөжүүлэх хүрээнд $13 саяар санхүүжүүлээд буй.
🌟 Хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалт
Анзаарч харвал, ногоон бөгөөд тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой уг төслүүдээс MCS Coca-Cola болон ХасБанк хамгийн өндөр санхүүжилт авсан байна. Тэгвэл тэд юугаараа онцгойров?
🟢 Ногоон хөгжлийг түүчээлнэ: MCS Coca-Cola 2010-аад оноос эхлэн тогтвортой хөгжлийг дэмжих ногоон төслүүдээ хэрэгжүүлж, өдгөө тогтвортой хөгжлийн манлайлагч болохоор зорьж буй. Энэ хүрээнд дахин ашигласан хуванцар савлагаатай бүтээгдэхүүн гаргахаар ч зэхэж байгаа.
💪 Бизнесүүдээ дэмжинэ: Харин 2009 онд банкны салбартаа анхлан Эко банкны хэлтэстэй болсон ХасБанк оройгүй өндөр дүнтэй санхүүжилтийнхээ 70%-иас дээш дүнг уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулж дасан зохицох төсөлд зориулах бол үлдсэн хэсгийг бичил, жижиг дунд бизнесийг санхүүжүүлэх, тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжсэн бизнесийн зээл олгоход зориулах юм гэнэ.
Эцэст нь... АХБ болон ЕСБХБ-ны санхүүжилт өнгөрсөн жилүүдтэй харьцуулах мэдэгдэхүйц өсөж байна. Түүнчлэн ЕСБХБ-ны Ерөнхийлөгч өнгөрсөн 10-р сард Монголд анх удаагаа албан ёсоор айлчилсан. Үүнээс Монголын ногоон шилжилтийг ОУ-ын банкнууд эрчимтэй дэмжих бодлого баримталж байгаа нь харагдаж байх шиг.